Зураг
Зураг
Индэр    
2024 оны 11 сарын 22
Зураг
Эдийн засагч

Хөрөнгийн бирж ба Монгол Улсын боломж

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Санхүүгийн зах зээл гэдэг нь зөвхөн банк, банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) -аар хязгаарлагддаггүй билээ. Аливаа байгууллага, хувь хүнд хөрөнгийн хомсдол болон илүүдэл байнга тохиолдож байдаг ба шаардлагатай хэрэгцээг энгийнээр зохицуулсан зохицуулалт нь хөрөнгийн бирж юм.

Монгол улсын ЗГ-ын 1991 оны 1-р сарын 18-ны өдрийн 22-р тогтоолоор өмч хувьчлалын ажлыг эхлүүлж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжсэнээр Монголын хөрөнгийн бирж (МХБ) хөгжил яригдаж эхэлнэ. Тухайн үеийн цэнхэр, ягаан тасалбар иргэддээ тарааж, тухайн үед боломжийг олж харсан залуус цэнхэр, ягаан тасалбарыг цуглуулж, төрийн өмчийг эзэмших замаар өнөөдрийн Монгол улсын топ аж ахуй нэгжүүдийн суурь тавигдсан.

Тухайн үед хувьчлагдаж байсан компаниуд зөв менежментийн үндсэн дээр өнөөдрийг хүртэл оршин тогтнож, хөрөнгийн биржийн тусламжтай олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаа явуулж, Монгол улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болж байна.

Өдгөө Монгол улсад Монголын хөрөнгийн бирж ХК, Улаанбаатар хөрөнгийн бирж хаалттай ХК, Чингис хаан хөрөнгийн бирж ХХК-ууд хөрөнгийн биржийн үйл ажиллагаа явуулж байгаа ч МХБ гол тоглогч хэвээр байна. Цар тахлын дараах хүнд үед бизнес, эдийн засгийн сэргэлт эрчимжиж, хөрөнгийн биржийн оролцогч талууд идэвхжиж, МХБ тэсрэлт хийсэн. 2020 оноос 2023 оны хооронд МХБ-ын зах зээлийн үнэлгээ 3дахин өсөж, ДНБ-ын 20.8хувьд хүрээд байна.

МХБ-ийн үйл ажиллагааг үндсэн 2 хэсэгт авч үзэж, Монгол улсын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалж болно. Үүнд: Хөрөнгийн бирж (ХБ) болон уул уурхайн бирж (УУБ).

ХӨРӨНГИЙН БИРЖ

1992 онд Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлж, Монгол улсын хүн амын 52% буюу 1.2сая хүн хувьцаа эзэмшигч болж байсан түүхтэй.

2023 оны 4-р улирлын байдлаар “МХБ” ХК-ийн үнэт цаасны гишүүн 51 компани, 2.5 сая үнэт цаасны данс эзэмшигч, МХБ-ын I, II, III ангилалд бүртгэгдсэн 173 ХК байна.

2022, 2023 онуудад “МХБ” ХК-ийн хувьд тэсрэлт, том өөрчлөлт дагуулсан он жилүүд байлаа. “Банкны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд системийн нөлөө бүхий 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк 2023 оны 6-р сарын 30-аас өмнө нээлттэй хувьцаат компани болж олон нийтээс 447 тэрбум төгрөг амжилттай татан төвлөрүүлж, 2022 оны сүүлээр МХБ 34%-аа олон нийтэд санал болгож, нэгж хувьцааг 100төгрөгөөр захиалга авч, амжилттай нээлттэй хувьцаат компани болсон.

Цар тахлыг дагасан хөрөнгийн биржийн өсөлтийн дараа хөрөнгийн бирж дээрх идэвхжилд багасаж, хувьцаануудын үнэ буурсан ч 2022, 2023 онд хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон зарим нэг компаниудын хувьцааны ханшийн өсөлтөө хадгалсан хэвээр байна. Үүний нэг тод жишээ бол МХБ ХК-ын хувьцаа юм. 100 төгрөгөөр олон нийтэд санал болгосон хувьцаа өдгөө 350гаруй төгрөг, 3.5 дахин өсөлттэй байна.

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2023 оны байдлаар 11.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх жилээс 68.4 өсөж, 1992 оноос 1415 дахин өссөн. Өдрийн дундаж арилжааны тоо 33.3 тэрбум төгрөг, өмнөх жилийн мөн үеэс 14 дахин өссөн.

Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран “МХБ” ХК-д бүртгэлтэй компаниудын статистикийг МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг “TOP-100” аж ахуй нэгжийн үзүүлэлт шиг татварын хэмжээ, ашиг, ажилчдын тоо, хөрөнгийн хэмжээг Монгол улсын хөгжил оруулж буй үзүүлэлтүүдийг гаргадаг бол нэлээн сонирхолтой тоо баримт гарах нь гарцаагүй.

2023 оны МҮХАҮТ-аас гаргасан “ТОР-100” аж ахуйн нэгжийн жагсаалтад нийт 13-н ХК жагссан ба эхний арван байрны 5-н аж ахуйн нэгж нь МХБ-д бүртгэлтэй ХК, төрийн өмчит “ТОР-10” аж ахуй нэгжийн 3-н хувьцаат компани байна.

Иргэн хүний нүдээр зах зээлийг эрүүлжүүлэх, хүний оролцоог багасгахад техникийн оролцоо, ил тод байдал нэн чухал гэж боддог. Биржид бүртгэлтэй болсон компаниудын санхүүгийн тайлан, ТУЗ-ийн шийдвэр олон нийтэд ил тод байдаг нь компанийн засаглалыг сайжруулж, энгийн иргэдэд хөрөнгө оруулалтаа хянах боломж олгож байна гэж хардаг. Мөн зарим нэг ХК-ын ногдол ашиг арилжааны банкны хадгаламжаас өндөр байгаа нь иргэд мөнгийг банканд хадгалах биш хөрөнгийн зах зээлээр дамжуулж зах зээлд нийлүүлэх, үүгээд дамжиж эдийн засгийн цусны эргэлт сайжрах боломж гэж харж байна.

Харин санхүүч хүний хувьд хөрөнгийн биржийн үнэлгээ ДНБ-ны 20.8% тэнцэхээр байна гэдэг чамлахаар тоон үзүүлэлт. Дийлэнх хөгжингүй орнуудын хөрөнгийн биржийн үнэлгээ ДНБ-тэй харьцуулахад 100% давсан байдаг. Хөрөнгийн биржийн үнэлгээ нь хөрөнгийн бирж дээрх оролцогч талуудын потенциал, тухайн улсын эдийн засгаас хамааралтай. Тиймээс МХБ Монгол улсын топ аж ахуй нэгжүүдийг уриалах, төрөөс ашигтай ажиллаж буй төрийн өмчид компаниудыг ХК болгох, олон улсад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах хэрэгтэй.

Үүнээс гадна хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч хуулийн дагуу нийтэд нээлттэй зарлах ёстой мэдээллээ ил болгодоггүй хэсэг бүлэг компани байна. 2023 оноос “МХБ” ХК эдгээр компаниудыг хөрөнгийн биржээс тодорхой арга хэмжээ авч байгаа боловч байдал төдийлөн сайжрахгүй байна. Тиймээс эдгээр үүргээ биелүүлээгүй компаниудад хатуу арга хэмжээ авах шаардлагатай байна. Жишээ нь: үүргээ биелүүлээгүй аж ахуй нэгжийн олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийг тодорхой хугацаанд буцаан олгуулж, санхүүгийн тайланд үндэслэн ногдол ашиг нөхөн олгох гэх мэт. Үүгээр зогсохгүй төрөөс засаглал сайтай аж ахуй нэгжүүдэд татварын таатай орчин бүрдүүлэх, МХБ-ээс боломжид дэмжлэг өгвөл аж ахуйн нэгжүүд засаглал сайжруулахад илүү анхаарах байх.

УУЛ УУРХАЙН БИРЖ

Уул уурхайн салбар Монгол улсын хөдөлгөгч мотор болж байна. ДНБ-ний 25%, улсын төсвийн 31%, ГШХО-ын 80%, нийт экспортын 92%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол улс нь 61.4сая тонн зэс, 34.6тэрбум тонн нүүрс, 1.8тэрбум тонн төмрийн хүдэр, 499.5 тонн алт, 4.7сая тонн цайр, 34.2сая тонн жонш, 192.2 мянган тонн уран, 333.8сая тонн нефть ашигт малтмалын нөөцтэй. Үүнээс гадна ашигт малтмалын ордууд шинээр илэрч байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байна.

Уул уурхайн салбар хэдий эдийн засгийг хөдөлгөгч хүч боловч Монгол улсын газар нутгийн хэмжээнд бага хэмжээг эзэлдэг. 2024 оны 7-р сарын байдлаар нийт 2733 уул уухайн зөвшөөрөл байгаагаас ашиглалтын 1,727, хайгуулын 1,006 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол улсын нийт газар нутаг дэвсгэрийн 4.5% бол ашиглалтын зөвшөөрөл нь 1.2% эзэлж байна. Санхүү, зөвшөөрлийн асуудлаас үүдэн Монгол улсын эрдэс баялгийн ихэнх хэсэг судлагдаагүй хэвээр байгаа билээ.

Монгол улсын эдийн засгийн өсөлт нь уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шууд хамааралтай байна. Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын экспортод үзүүлэх нөлөө тогтвортой нэмэгдэж, жилд дунджаар 14% өсөлт үзүүлсэн. 2003 онд уул уурхайн нийт бүтээгдэхүүний экспорт 63.8% эзэлж байсан бол 2023 онд 79% болон өсжээ.

Хөдөлгөгч моторыг дагаад авлигал хээл хахуулийн хэрэг, хардалт алхам тутамд яригдаж байдаг. Монгол улсын засгийн газраас авлигал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод болгох, засаглалыг сайжруулах бодлого хэрэгжүүлж эхэлсэн ажлын хүрээнд 2022 оны 12-р сарын 23 өдөр Монгол улсын их хурлаас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийг баталсан.

Монгол улсын ЗГ-ын 2022 оны 466-р тогтоолын дагуу “МХБ” ХК уул уурхайн бүтээгдэхүүн биржээр худалдаалах платформ ажиллагаанд оруулж 2023 оны 1-р сарын 12-ны өдөр анхны арилжааг амжилттай зохион байгуулсан билээ.

2023 онд нийт 299 удаагийн арилжаагаар 14.9 сая тонн нүүрс, 0.7сая тонн төмрийн баяжмал тус тус арилжаалсан. Нийт экспортод гаргасан нүүрсний 21.4%, төмрийн баяжмалын 12.3%-ийг тус тус биржээр арилжаалжээ.

2024 оноос “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресорс” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд нэгдэж, төмөр, жонш, зэсийн баяжмалууд биржээр арилжаалагдаж эхэлсэн.

Биржээр зарсан нь олон талын ашиг тустай ч бас сөрөг тал нэлээн ажиглагдаж байна.

  1. Гэрээний эрсдэл: Худалдан авагч тал төлбөр шилжүүлсний үндсэн дээр таваарыг тээвэрлэж байгаа. Болзошгүй хүчин зүйлээс шалтгаалан тээвэр саатсан тохиолдолд худалдагч тал эрсдэл хүлээх учир, дэд бүтцийн асуудлыг ЗГ яаралтай шийдвэрлэх хэрэгтэй;
  2. Геополитикийн эрсдэл: Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд БНХАУ руу нүүрс зарахаас өөр сонголтгүй. Гуравдагч улс руу экспортод гаргахад тээвэр ложистикийн асуудал үүснэ. БНХАУ-аар дамжуулан экспортод гаргаж болох боловч одоогийн дэд бүтэц, тээвэр ложистикийн хүчин чадал хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй. Түүнчлэн Тяньжин боомтод эзэмшдэг 10 га газрыг тээвэр ложистикийн төв болгон ашиглах боломжтой боловч БНХАУ-ын газар нутаг дээр тээвэрлэлт явуулахын тулд урд хөрштэй нэлээдгүй харилцах шаардлага гарна. ОХУ-аар дамжиж олон улсад гарах боломжтой ч одоогийн байдлаар хаалттай зам болоод байна.
  3. Үнийн эрсдэл: Монгол улсаас экспортоор гарч буй аливаа уул уурхайн бүтээгдэхүүн төмөр замаар биш бол тээврийн өртөг харьцангуй өндөр тусна. Энэ нь ижил бүтээгдэхүүнээр өрсөлддөг, далайд гарцтай улсын хувьд давуу тал болж өгч байна.

Аливаа бизнест таарсан түлхүүр гэж байхгүй. Гарц гаргалгаа гэж байдаг. Асуудлыг шийдэж байж бизнес өргөжин тэлдэг. Тиймдээ ч УУБ хөрөнгийн биржээр борлуулахад хүндрэлтэй зүйл бишгүй тохиолдож байна. Тэр болгоныг МХБ, Сангийн яам боломж болгох харж, алхам тутамдаа засаж, залруулж явж байна. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр борлуулахад дараах боломжууд харагдаж байна:

  1. Цаашид зөвхөн нүүрс, зэс, төмрийн хүдрээр хязгаарлагдахгүйгээр уран, газрын ховор элементийг нийтэд нээлттэй биржээр зарах. Эргэснээр засаглалыг сайжруулж, нөхөн сэргээлтэд хяналт тавьж, татварын орлогыг ил тод болгох;
  2. Ирээдүйд болон одоо экспортоор гарч буй хувийн хэвшлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан борлуулах. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа газрын ховор элементийг биржээр зарж, биржийн бүтээгдэхүүний сонголтыг солонгоруулах, олон улсын оролцогчдын тоог нэмэгдүүлэх;
  3. Цаашид банкны үйлчилгээг татан оруулж, факторинг зэрэг үйлчилгээг нэвтрүүлэх. Эрсдэлийг зөвхөн нэг талд хариуцуулахгүйгээр, төлбөр тооцоог хурдан гүйцэтгэснээр талуудад давуу тал үүсэж, дам бизнесээр банкны оролцоо нэмэгдэх, үүнийг дагаад банкны орлого тодорхой хувиар нэмэгдэх. Олон улсад дотоодын банкнуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
  4. БНХАУ-тай хилийн боомтууд холбогдсоноор биржээр борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжин гуравдагч орон руу экспортлох. Биржээр борлуулсан бүтээгдэхүүний тээврийн хугацаа богино байх тусам олон улсын худалдан авагчид дуудлага худалдаанд оролцох магадлал нэмэгдэнэ. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүн олборлогч улсын хувьд Хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн бирж шиг таваарын арилжаа эрхлэгчдийн сонирхлыг татсан бирж болох;
  5. Даатгал нэвтрүүлэх. Аливаа бизнес эрхлэгчдэд эрсдэлээс хол байхыг хичээдэг. Тиймдээ ч барааны чанар, тээвэрлэлтийн хугацаа, давтагдашгүй хүчин зүйлсийг даатгал хамруулдаг болбол даатгалын салбар хөгжүүлэх;
  6. Монголын аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд гарах. Хөрөнгийн бирж нь өөрөө эдийн засгийн том тоглогч. Том тоглогчоор дамжуулж Монголын уул уурхайн компаниуд, санхүүгийн салбарынхан дэлхийд танигдаж, цаашлаад олон улсад үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.