Өчигдөр буюу Бямба гарагт өндөрлөсөн Каннын олон улсын кино наадмын дээд шагналыг Ираны тэрс үзэлтэн найруулагч Жафар Панахи өшөө авалтын сэдэвтэй “Энэ бол зүгээр л осол байсан” киногоороо хүртжээ.
Тэрбээр Ираны хилээр гарах эрхээ 15 жил хасуулж байсан хүн юм. Ердөө гурван жилийн өмнө тэр Ираны шоронд хоригдсоныхоо дараа өлсгөлөн зарласны үр дүнд суллагдаж байв.
“Дал модны алтан навч” шагналыг түүнд Холливүүдийн алдартай эмэгтэй жүжигчдийн нэг Кэйт Бланшет гардуулан өгчээ.
Каннын кино наадмын хаалтын ажиллагааг өчигдөр Францын өмнөд нутгийг хамарсан цахилгааны томоохон гэмтэл тасалдуулсан байна.
Улаан хивсний ёслол эхлэхээс хэдхэн цагийн өмнө Канн хотод цахилгаан хангамж сэргэжээ.
Цагдаа нар энэ тасалдлыг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.
Наадмын хоёр дахь том шагнал Гран Прийг гэр бүлийн драм төрлийн “Сэтгэлийн Үнэ цэн” бүтээлээрээ Норвегийн найруулагч Йоахим Триер хүртжээ.
Бразилын улс төрийн сэдэвтэй триллер “Нууц агент” шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчний шагналуудыг уран бүтээлчдэдээ авчирсан юм.
Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг “Бяцхан эгч” кинонд бүтээсэн дүрээрээ Францын жүжигчин Надиа Меллити хүртсэн байна.
Шилдэг анхны кино шагналыг “Ерөнхийлөгчийн бялуу” бүтээлээрээ найруулагч Хасан Хади хүртсэн нь Ирак улсын түүхэнд анхны Каннын шагнал болжээ.
78 дахь удаагийн Каннын наадам дэлхийн улс төр, геополитикийн нөхцөл байдал кино урлагт сүүдрээ тусгасан цаг үед өндөрлөж байна.
Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гадаадад бүтээсэн кинонд 100 хувийн татвар ногдуулах санаа гаргаж байв.
Каннын наадамд оролцсон олон найруулагч энэ санааг шүүмжилж байлаа.
Тус наадамд ээлжит уран бүтээлээ анх удаа нийтэд толилуулсан Америкийн найруулагч Вэс Андерсон “Та нар киногоо хил гаалиар нэвтрүүлж чадах нь уу? Киног ийм замаар үзүүлдэггүй юм” хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
|