Уншиж байна ...

"Тайландын цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлт золгүй явдал гэж гарсан гэсэн. А.Төмөр Элчин сайдын үгэнд итгэж байгаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тайландад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.О өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг гарсан. 

Энэ хэрэгт нөхрийг нь холбогдуулан шалгах ёстой талаар талийгаачийн эгч Л.Онон цахим өргөдөл үүсгэж, иргэдийн гарын үсгийг цуглуулж буй. 

Хилийн чанадад суугаа Элчин сайдын гэр бүлтэй холбоотой уг хэргийн талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр тайлбар өглөө.

Тэрбээр "А.Төмөр Элчин сайдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Гэр бүлд нь золгүй явдал тохиолдсонд харамсаж байна. 

А.Төмөр бол сургууль төгсөөд л манайд ажиллаж байгаа, олон жил мэргэжлээрээ ажилласан хүн. Карьераараа өсөж, Элчин сайдаар томилогдсон олон улсын эрх зүйч мэргэжилтэй хүн.

Тайландын цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлт нь золгүй явдал гэж гарсан хэмээн өөрөө надад хэлсэн. Сэтгэл санааны хувьд маш хүнд байгаа. Гурван хүүхэдтэй, бага хүүхэд нь бие муутай. Гурван хүүхэд нь ээжийгээ алдсандаа маш хэцүү байгаа. Өөрөө ч бараг ярьж чадахааргүй хэмжээнд сэтгэл зүй нь хүнд байгаа. Ийм үед нь үүнийг асуудал болгон дэвэргээд, хувь хүнийх нь асуудлыг манайд сошиалаар бичилцээд байгаа нь надад зохимжгүй санагдаж байгаа. 

Хэнд ч тохиолдож болох зовлон учраас ар гэрийнх нь хувьд золгүй явдал болсон гэдгийг ойлгоосой гэж хүсэж байгаа. Талийгаачийнхаа 49 хоногийг өнгөрөөсний дараа өөрөө мэдээлэл өгнө гэсэн

Айл бол хууль дүрэмтэй. Хэргийн газар дээр тухайн үед нь очоод дүгнэлтээ гаргасан учраас өөрийнх нь үгэнд итгэж байна. Хэвлэлээр ямар зорилготой ямар хүмүүс юу ярьж байгааг сайн мэдээгүй. 

Талийгаачийн ар гэрийнхэнд маш хүнд байгаа. Сайхан залуухан эмэгтэй гурван хүүхдээ орхиод хорвоогоос явна гэж хэн ч төсөөлөхгүй. Ар гэрт нь маш хүндэтгэлтэй хандах ёстой" гэв.

Мөн Элчин сайдаар ажиллах хугацааны талаар тэрбээр "Дипломат ёсонд Элчин сайд дөрвөн жилээр томилогддог. Ажлын шаардлагаар, тухайн үед өөрийнх нь хүсэлтийг харгалзаад нэг жилээр сунгасан. Энэ жил хугацаа нь дуусаад ирнэ. Олон улсад ийм жишиг бий, зарим улс тухайн оронтой харилцаж буй Элчин сайдынхаа ур чадвар, нэр хүнд, ажлын шаардлагадаа үндэслээд 10, 20 жил байлгах ч тохиолдол бий. Хугацааг энэ хэрэгтэй холбох нь утгагүй асуудал" гэв.