• 6 сарын 12, Пүрэв

Ким Кардашяныг дээрэмдсэн хүмүүс шүүхээс ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2016 оны аравдугаар сард Парис хотын тансаг зочид буудалд Америкийн реалити шоуны од Ким Кардашяныг зэвсэглэн дээрэмдсэн хүмүүсийн шүүх хурал Баасан гарагт өндөрлөжээ.

Нийт есөн эрэгтэй, нэг эмэгтэй олны танил бүсгүйн $10 саяын үнэ бүхий эд зүйлсийг дээрэмдэх ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцсон хэргээр шүүгдсэн юм.

Тэдгээрийн хоёр нь цагаатгагджээ.

Дээрмийн ажиллагааг голлон гүйцэтгэсэн дөрвөн хүн найм хүртэл жилийн хорих ял сонссон ч ихэнх хугацааг нь тэнсэн харгалзах ялаар сольж, үлдсэнийг нь шалгагдаж байхдаа биеэр эдэлсэн гэж үзсэн байна.

Тиймээс нэг ч хүн шоронд хоригдохооргүй болжээ.

Дээрмийг 60-аас дээш насны хүмүүс үйлдсэн тул Францын хэвлэлүүд тэднийг “дээрэмчин өвөө нар” хэмээн нэрлэж байлаа.

Гэмт хэргийг зохион байгуулсан 69 настай Аомар Аит Хедачегийн эрүүл мэнд муудаж, сонсголгүй, ярих чадваргүй болжээ.

Өөр нэг гол хүн болох 71 настай Юнис Аббас нь Паркинсоны өвчтэй болж, саяхан зүрхний хагалгаанд орсон байна.

зураг
 
Дээрмийг зохион байгуулагч Аомар Аит Хедаче

Дөрөвдүгээр сард шүүх хурлыг эхлэхэд прокурорууд илүү хатуу ял хүсэж байсан ч шүүх түүнийг нь нэлээд хөнгөрүүлжээ.

Үүнийгээ хэрэгт холбогдогчдын өндөр нас, эрүүл мэндийн байдалтай холбон тайлбарласан байна.

Энэ сарын эхээр шүүх хуралд биеэр оролцож, мэдүүлэг өгөхдөө Кардашян өөрийг нь дээрэмдсэн хүмүүсийг уучилж байгаагаа илэрхийлсэн нь үүнд бас нөлөөлсөн бололтой.

Ял оноосны дараа Кардашян гаргасан мэдэгдэлдээ “Энэ гэмт хэрэг надад болон миний гэр бүлд урт хугацаанд нөлөөлсөн аймшигтай туршлага байлаа. Би болсон явдлыг хэзээ ч мартахгүй ч өсөлт хөгжил, хариуцлагын хүч чадалд итгэж, бүх хүмүүсийн сайн сайхны төлөө залбирч байна” хэмээн өгүүлжээ.

Кардашяны дээрэмдүүлсэн үнэт зүйлсийн ихэнх хэсэг олдоогүй юм. Тэдгээрийг Бельги улсад гаргаж, хар зах дээр зарж үрсэн гэж үздэг.

 

Эх сурвалж: BBC