Ким Кардашян өөрийг нь дээрэмдсэн “өвөө нар”-ын шүүх хуралд мэдүүлэг өгөхөөр Парист иржээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Америкийн реалити шоуны од Ким Кардашян өчигдөр 2016 онд гарсан дээрмийн хэргийн хохирогчийн хувиар Парис хотод үргэлжилж буй шүүх хуралд оролцжээ.

Тэрбээр энэ дээрмийн үеэр нийт $10 саяын үнэ бүхий үнэт эдлэлүүдээ алдсан юм.

Францын нийгмийн анхаарлын төвд байгаа энэ шүүх хурлаар 10 сэжигтнийг шүүж байгаа бөгөөд 500 орчим хэвлэл сурвалжилж, гадаа нь Кардашяныг ойроос харах гэсэн олон зуун хүн цугларчээ.

Дээрмийн сэжигтнүүд бүгд гэмт хэргийн түүхтэй 60-аас дээш настнууд байсан тул Францын хэвлэлүүд энэ хэргийг “өвөө нарын гэмт хэрэг” хэмээн нэрлэж байгаа.

Өнгөрсөн хугацаанд тэдний нэг нь нас барж, нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болжээ.

зураг
 

“Сайн байцгаана уу. Би Ким Кардашян байна. Би бүх хүмүүст, ялангуяа Францын эрх баригчдад өнөөдөр надад мэдүүлэг өгч, үнэнээ хэлэх боломж олгосонд баярласнаа илэрхийлмээр байна” гэж Кардашян шүүх хурлын эхэнд хэлсэн байна.

Тэрбээр дараа нь 2016 оны аравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө зочид буудлын өрөөнд нь гарсан хэргийн талаар дэлгэрэнгүй ярьжээ.

Тухайн үед тэр Парисын хувцас загварын долоо хоногийг сонирхохоор гэр бүлийн зарим гишүүдийн хамт ирээд байсан юм.

“Би Парисын хувцас загварын долоо хоногт ирээд байсан. Парис бол үргэлж миний хамгийн хайртай хот байсаар ирсэн” гэж Кардашян мэдүүлжээ.

Эгч, ээж нарыг нь гадуур гарсан хойгуур, сайн найзтайгаа хамт буудалд байх үеэр цагдаагийн дүрэмт хувцастай хүмүүс өрөөнд нь орж иржээ.

“Нэг ноёнтон бөгж, бөгж гэж нэлээд аялгатай давтан хэлээд хуруугаа харуулахад нь би эхлээд сайн ойлгоогүй” гэж Кардашян мэдүүлсэн байна.

Тухайн үед Кардашян нөхөр Канье Уэстийн бэлэглэсэн $4 саяын үнэ бүхий алмаасан шигтгээтэй бөгж зүүсэн байсныг ингэж дээрэмдсэн гэнэ.

Дараа нь дээрэмчид Кардашяныг хүлж, буу тулгаад өөр үнэт эдлэлүүдийг нь хайж эхэлжээ. “Намайг буудах нь гарцаагүй болсон гэж ойлгоод би гэр бүлийнхнийхээ төлөө залбирч эхэлсэн” гэж бүсгүй энэ талаар дурссан байна.

Шүүгч түүнээс алуулна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан эсэхийг асуухад Кардашян “Би үнэхээр тэгж итгэсэн. Үхэх нь гэж бодсон” гэж хариулжээ.

Бас хүчиндүүлэхээс айж байсан ч дээрэмчдийн нэг нь түүний хоёр хөлийг холбож хүлсэн тул бага зэрэг тайвширсан гэнэ.

Зааврыг нь дагаж, чимээгүй байвал ямар нэг байдлаар хүч хэрэглэхгүйг тэдний ярианаас ойлгосноо Кардашян ярьжээ.

Сэжигтнүүдийн нэг 68 настай, “Хөгшин Омар” хочит Аомар Аит Хедаче хохирогч бүсгүйг хүлснээ хүлээсэн ч дээрмийн ажиллагааны толгойлогч байснаа үгүйсгэсэн юм.

зураг
 

Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар ярих чадваргүй болсон тул хийсэн хэрэгтээ харамсаж байгаагаа илэрхийлсэн захиаг өмгөөлөгчөөрөө дамжуулан Кардашянд өгсөн байна.

Захиаг нүдэндээ нулимстай сонссон Кардашян түүнийг уучилж байгаагаа мэдэгджээ.

“Би ийм захиа бичсэнд үнэхээр талархаж байна. Би хоёр дахь боломж байдагт үргэлж итгэдэг. Болсон явдлын төлөө чамайг би уучилж байна. Гэхдээ миний амьдралд үзүүлсэн нөлөө, сэтгэл хөдлөл, мэдрэмж, айдсыг энэ арилгахгүй” гэж тэр хэлсэн юм.

Парист дээрэмдүүлснийхээ дараа тэр аюулгүй байдалдаа илүү их санаа зовох болсныг шүүхэд мэдүүлжээ.

“Энэ үйл явдал миний аюулгүй байх мэдрэмжийг бүрэн өөрчилсөн” гэж ярьсан бүсгүй одоо зургаан бие хамгаалагчтай амьдардаг болсноо нэмж хэлсэн байна.

Бас нэг сарын дараа Лос-Анжелес дахь гэрт нь Парисын дээрмийн “хуулбар” гэмээр халдлага гарч байсныг тэр шүүхэд мэдүүлжээ.

2000-аад оны үед телевизийн реалити шоугаар алдаршсанаасаа хойш Ким Кардашян хэд хэдэн кинонд тоглож, хувцас загварын брэндтэй болсон юм.

Түүний хөрөнгийн хэмжээг Форбс сэтгүүл $1.7 тэрбум гэж тооцоолсон байдаг.

Кардашяны дээрмийн шүүх хурал тавдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг