Санхүүгийн хямралаас гарахаар тэмцэж буй Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани зардлаа бууруулах зорилгоор Йокохама хотод оршдог оффисын төв байраа зарах боломжийг судалж байгаа тухай албаны эх сурвалж өчигдөр мэдээлжээ.
Энэ оны гуравдугаар сараар дууссан санхүүгийн жилд Ниссан 670 тэрбум иений ($4.7 тэрбум) алдагдалтай ажилласнаа зарласан юм.
Японы гурав дахь том автомашин үйлдвэрлэгч уг алдагдлаа бууруулах зорилгоор угсралтын 17 үйлдвэрийнхээ долоог нь хааж, дэлхий даяар 20,000 ажлын байр цомхотгох шийдвэр гаргаж байв.
Бас гадаад дахь үйлдвэрүүдээ Хятадын төрийн өмчит Dongfeng компанитай хамтран ашиглахаар тохиролцсоныг өнгөрсөн долоо хоногт зарласан юм.
Ниссан төв оффисын барилгаа зарсны дараа буцааж түрээслэх хувилбарыг судалж байгаа гэнэ. Гэхдээ удирдлагын хүрээнд санал зөрөлдөөнтэй байгаа тул энэ санаа хэрэгжих эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.
Хятад, АНУ-ын зах зээлд борлуулалт буурч, Трампын засаг захиргаа импортын өндөр татвар тогтоосон зэрэг нь Ниссаныг алдагдалтай ажиллахад хүргэж байна.
Одоо тус компани үйл ажиллагааны зардлаа бууруулж, бүтэц зохион байгуулалтаа шинэчилсний үр дүнд ирэх оноос алдагдалгүй ажиллах зорилт тавиад байгаа юм.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!