2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг хэрэгжүүлэх төслөөс метро, дүүжин тээвэр, авто зам, замын байгууламж, автобусны тусгай зам, трамвай, эрчим хүчний төслийн нэгжид хэчнээн хүн ажилладаг болон үйл ажиллагаанд зарцуулдаг төсвийн талаар холбогдох албаныхан НИТХ-ын хуралдааны танхимд мэдээлэл өгөв.
Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын дарга асан, Сэлбэ хот орон сууцжуулалтын төслийн захирал У.Баатар: Метро, дүүжин тээвэр, авто зам, замын байгууламж, автобусны тусгай зам, трамвай, эрчим хүчний гэсэн зургаан төслийн нэгжид 67 хүн ажиллаж байгаа. Зарим давхардсан мэргэжлийн албан тушаалыг дундаа шэйрлэж, цөөн хүний хүчээр их бүтээмжтэй байхаар ажиллаж байна.
2024 онд манайх 2.5 тэрбум төгрөгийн зарлагатай ажилласан. 2025 онд бүтэц, бүрэлдэхүүнээ өргөжүүлж, 12 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа. Үүнээс 10 тэрбум төгрөг нь цалин хөлс. Үлдсэн хоёр тэрбум төгрөгийг бусад үйл ажиллагаанд зарцуулдаг. Энэ нь хаанаа ч хүрдэггүй.
Өнгөрсөн онд 17 тэрбум төгрөгийн төсөв оруулсан боловч хэмнэлтийн хуулийн дагуу хасаж, 12 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байна.
Төслийн талаарх PR-ийг бололцоот бүх сувгаар контент, подкаст, анимэйшн хийж нийтэд хүргэдэг. Вэб сайтаараа 160 гаруй мэдээллийг олон нийтэд ойлгомжтой байдлаар танилцуулсан. Цаашид нийтэд нээлттэй ажиллана.
НИТХ-ын төлөөлөгч Г.Отгонболд: Зургаан нэгж нь 67 орон тоотой гэж байна. Надад байгаа мэдээллээр төслийн эдгээр зургаан нэгжид 150 хүн ажилладаг гэв.
Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ-ын төлөөлөл: Төслийн нэгжүүд нь төслийн удирдлагын алба, захиргаа, хууль, мэдээлэл сүлжээ, цахилгаан хөгжүүлэлт, санхүү, хөрөнгө оруулалтын алба гээд 157 хүний орон тоотой. Бодит байдал дээр 115 хүн ажиллаж байна.
Нэгдсэн төслийн удирдлагын газар ОНӨТҮГ нь төслийг олон жижиглэж олон бүтцээр удирдахаас илүүтэй нэгдсэн удирдлагаар чиглүүлж уялдуулан зохион байгуулдаг. Саяны нэрлэгдсэн зургаан төсөл гэж байгаа ч авто замын төсөл нь дотроо нүхэн гарц, хоёр шинэ тойрог зам, Туулын хурдны замын төсөлтэй. Метро бол нэг том төсөл. Трамвай, дүүжин тээвэр төсөл нь дотроо хоёр ТЭЗҮ, хоёр ажлын зураг төсөлтэй.
Эрчим хүч нь тодорхой хариуцсан төсөлгүй боловч Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа эрчим хүчний бүх хурал цуглаанд оролцдог. Дагдан дарга уулзалтаас уулзалтын хооронд байнгын завгүй, судалгаа хөгжүүлэлтийн алба шиг ажилладаг. Тэрбээр 30-40 төсөл ярьдаг хэмээн тайлбарлав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|