• 6 сарын 12, Пүрэв

Австри Улс ба Европын холбооны хамтын батлан хамгаалах интеграц

Редакцын бус нийтлэл
2025 оны 5 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийх төрийн айлчлалд зориулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.



Бүгд Найрамдах Австри Улс нь Төв Европын цээжинд буюу  Зүүн Альпийн нуруунд байрладаг, далайд гарцгүй ч Хар тэнгист цутгадаг Европт хоёрдугаарт тооцогдох томоохон Дунай мөрөн тус улсын нутгаар дамжин өнгөрдөг,   холбооны засаглалтай бөгөөд нийслэл Вена нь хамгийн олон хүн амтай хот, мөн хамгийн олон хүн амтай муж ажээ. Австри нь баруун хойд талаараа Герман, хойд талаараа Чех, зүүн хойд талаараа Словак, зүүн талаараа Унгар, өмнөд талаараа Словени болон Итали, баруун талаараа Швейцарь болон Лихтенштайн улсуудтай хиллэдэг. Тус улсын нутаг дэвсгэр нь 83,879 км² бөгөөд 9 сая хүн амтай.

зураг
 
Газрын зураг. Дунайн мөрөн дайран өнгөрөх улс орнууд

Австри улс 1995 онд Европын Холбооны бүрэн эрхт гишүүнд элссэнээр тус улсын улс төр-эдийн засаг, валют-санхүүгийн хөгжилд үлэмж дэвшил гарч,  Европын нэгдсэн зах зээлд нэвтрэх боломж бүрдэж, эдийн засгийн хөгжилд эрч өгч,  гадаадын хөрөнгө оруулагчдыг  татаж эхэлжээ.

Эдүгээ Австри нь өндөр хөгжсөн аж үйлдвэржсэн эдийн засаг болон сайн хөгжсөн нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засагтай, ОУВС-гийн 2024 оны арваннэгдүгээр сард гаргасан худалдан авах чадавхын үнэлгээгээр (PPP) ДНБ  667.1 тэрбум ам. доллароор хэмжигдэж, нэг хүн амд оногдох ДНБ 73 мянган ам. долларт хүрснээр дэлхийд 14-р эрэмбэлэгдэж байна. Тус улс өндөр хөгжсөн аж үйлдвэрээс гадна олон улсын аялал жуулчлал нь Австрийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Герман улс нь түүхийн хувьд Австрийн  худалдааны гол түнш  байсаар ирсэн бөгөөд Германы эдийн засагт гарсан өөрчлөлтүүд Австрид  томоохон нөлөө үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Австри Дотоодын эрчим хүчнийхээ тал гаруй хувийг усны эрчим хүчээр хангадаг бөгөөд салхи, нарны болон биомасс зэрэг бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хамарсан тооцоогоор бүхэлдээ нийт эрчим хүчний 62.89 хувийг сэргээгдэх эх үүсвэр эзэлж байна.

Европын ихэнх орнуудтай харьцуулахад Австри нь байгаль экологийн хувьд сайн хөгжсөн орон юм. Түүний био чадавх буюу биологийн байгалийн нөөц дэлхийн дунджаас хоёр дахин их буюу зөвхөн 2016 онд Австри улсын нутаг дэвсгэрт нэг хүнд ногдох био чадавхын нөөц 3.8 га (гектар талбай) байсан бол дэлхийн дундаж 1.6 га байжээ. Үүнийг эсрэгээр нь авч үзвэл, Австри 2016 онд дэлхийн био чадавхын 6.0 га-г ашигласан нь Австрийн экологийн хэрэглээний хэрэгцээг (ecological footprint) эрхгүй харуулж байжээ. Энэ нь Австричууд биологийн нөөцийн чадавхыг 60 орчим хувиар илүү ашигладаг гэсэн үг юм.

Доналд Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд АНУ-ЕХ, НАТО-гийн харилцаанд гарсан сөрөг хандлагатай холбогдуулан  2017 оны арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын тэргүүлсэн НАТО-гаас тусдаа Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын  зэвсэгт хүчнийг интеграцчлах үндсэн дээр нэгдсэн бүтэц буй болгох зорилгоор ЕХ-ны 28 орноос 23 орны Гадаад хэргийн болон Батлан ​​хамгаалахын сайд нар (Австри, Бельги, Болгар, Герман, Грек, Кипр, Испани, Итали, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Унгар, Польш, Румын, Словак, Словени, Чех, Хорват, Франц, Финланд, Швед, Эстони) ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгч Федерика Могерини тэргүүтэй төлөөлөгчид Гадаад харилцааны зөвлөлд Батлан хамгаалахын “Байнгын бүтэцтэй хамтын ажиллагаа”-г (Permanent Structured Cooperation-PESCO) байгуулах тухай хэлэлцээрт Брюссель хотноо гарын үсэг зурсан юм.

зураг
 
ЕХ-ны Батлан хамгаалахын “Байнгын бүтэцтэй хамтын ажиллагаа”-г байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав. Брюссель,  2017.11.13

Удалгүй Ирланд, Португал улсууд 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд PESCO-д элсэж,  тийнхүү 25 орныг эгнээндээ нэгтгэсэн PESCO-г Европын Зөвлөл 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд албан ёсоор баталсан байна.

Карнеги Европын судалгааны төвийн судлаач Жуди Демпси “Бид энэ бүгдийг өмнө нь сонсож байсан”, ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын  тэргүүн Федерика Могерини дээрх үйл явдлыг “түүхэн”, Германы Гадаад хэргийн сайд Зигмар Габриэл   “Европын хөгжлийн чухал үе шат” гэж тус тус нэрлэж байв. Еврокомиссын Хэвлэл мэдээллийн хэлтсийн удирдагч Маргаритис Шайнас (Margaritis Schinas) саран дээр буух үйл явцын “Брюссельд хийсэн жижиг алхам, Европ дахь аварга том үсрэлт” гэж нэрлэсэн юм.

Тухайн үед Их Британи Brexit-ийг эхлүүлсэн байсан учир Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Борис Жонсон: Их Британи PESCO-гийн санаачилгад нэгдээгүй ч “дэмжиж байна” гэж мэдэгдсэн юм.

Данийн Хаант улс ЕХ-ны хүрээнд аюулгүй байдал, батлан хамгаалах нийтлэг бодлогоос татгалздаг байсан тул PESCO-гийн хэлэлцээрт  гарын үсэг зураагүй юм. Харин Украинд ОХУ бүрэн хэмжээний цэрэг дайны ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор ЕХ-ны гишүүн, НАТО-гийн гишүүн Дани улсын  уламжлалт гадаад бодлого өөрчлөгдөв. 2022 оны зургаадугаар сарын 1-нд Дани улсад явагдсан бүх нийтийн санал хураалтад оролцогчдын 66.9 хувь нь ЕХ-ны Хамтын батлан хамгаалах гэрээнд нэгдэх сонголтыг хийж,  33.1 хувь нь нэгдэхийн эсрэг санал өгсөн юм. “Тус тивд дайн болж байгаа тохиолдолд бид төвийг сахих боломжгүй юм. ЕХ-ны бүх нийтийн санал хураалтад Дани улс хамгийн том “Тийм” гэж хариулсан нь энэ болов уу” гэж тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдэв. ЕХ-ны 5.8 сая хүн амтай Дани улс нь НАТО-г үүсгэн байгуулалцсан орнуудын нэг мөн боловч ЕХ-ны PESCO-д нэгдээгүй байсан юм.

Бүгд Найрамдах Мальт Улс 1981 оны тавдугаар сарын 14-нд Төвийг сахих статусын тухай Тунхаглал гаргасан бөгөөд цэргийн аливаа эвсэлд орохоос татгалзаж байна хэмээн зарласан тул PESCO-г цаашид хэрхэн хөгжихийг ажиглахын тулд нэгдэн ороогүй байна. Мальта 2004 оны тавдугаар сарын 1-нд ЕХ-нд нэгдэн орсон билээ. Эдүгээ Мальт улсад ч ЕХ-ны PESCO-д нэгдэх асуудлаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөөд байна.    

ЕХ-ны Байнгын бүтэцтэй хамтын ажиллагаа нь аюулгүй байдал, батлан ​​хамгаалах бодлогын (CSDP) нэн чухал хэсэг бөгөөд  Холбооны 27 гишүүн улсын үндэсний зэвсэгт хүчний 26 нь эдүгээ бүтцийн интеграцчлалыг хэрэгжүүлж байна. Ийнхүү ЕХ улс төр-эдийн засгийн интеграци төдийгүй нэгдсэн армитай цэргийн эвсэл болох чиглэлд том алхам хийснээр Австри, Швед, Финландын төвийг сахих статус ч өөрчлөгдөх төлөвтэй болсон юм.    

ЕХ-ны интеграцчлалд ороогүй байсан ганц салбар бол гишүүн улсуудын батлан хамгаалахын хамтын ажиллагаа байсан юм. Тиймээс тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан ЕХ-ны гишүүн орнуудын үндэсний батлан хамгаалах чадавхыг нэгтгэн зангидах, интеграцчлах, зэвсэг техникийн худалдан авалт, хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээний нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, ажиллагааны чадавхыг шинэ шатанд гаргах, бэлэн байдал ба онцгой байдлын үеийн удирдлагын шуурхай байдлыг хангах, кибер орон зайд  цэргийн ажиллагааг үр ашигтай явуулах, кибер орон зайн аюулгүй байдлыг хангах явдал тулгамдсан асуудал болон тавигджээ.

Европын Батлан ​​хамгаалах агентлаг болон Европын гадаад харилцааны алба нь PESCO-ийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэж, Европын комиссын Европын батлан ​​хамгаалах сангаас санхүүжилт хийгддэг.

2020 оноос PESCO-гийн үйл ажиллагаанд ЕХ-ны бус гуравдагч орнууд оролцож эхэлсэн юм. ЕХ-ны PESCO-гийн цэргийн хөдөлгөөнт ажиллагааны төсөлд 2020 оноос Канад, Норвеги, АНУ, 2022 оноос Турк, Нэгдсэн Хаант Улс, 2025 оноос Швейцарь оролцож байгаа ажээ. 

PESCO нь НАТО-той өрсөлдөхөөс илүүтэй НАТО-гийн аюулгүй байдалд нэмэлт үүрэг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан онцолдог. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мөн Цэргийн хөдөлгөөн нь НАТО болон ЕХ-ны хамтын ажиллагааны гол жишээ болохыг онцлон тэмдэглэсэн юм

Австрийн төвийг сахих статуст  ЗХУ гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Дэлхийн II дайны дараа Австри нь холбоотон гүрнүүдийн эзэмшилд байсан бөгөөд 1955 оны дөрөвдүгээр сарын 12-15-нд болсон Зөвлөлт-Австрийн хэлэлцээний үр дүнгээр Москвагийн Меморандум гарчээ. Үүгээр Австри нь цэргийн аливаа эвсэлд нэгдэхгүй, нутаг дэвсгэрээ гадаадын цэргийн бүлэглэлд ашиглуулахгүй, бие даасан гадаад бодлого явуулна хэмээн үүрэг хүлээсэн байна. Улмаар 1955 оны тавдугаар сарын 15-нд Вена хотноо Австри болон АНУ, ЗСБНХУ, Их Британи,  Францын хооронд Австрийн төрийн бүрэн эрхт байдал, ардчиллыг сэргээн тогтоох тусгаар тогтнолын “Төрийн гэрээг”-г (State Treaty) байгуулжээ. Энэ гэрээгээр холбоотон гүрнүүдийн цэрэг тус улсаас гарсан байна. “Төрийн гэрээ”-гээр Австри нь ардчилсан, парламентын засаглалтай, зах зээлийн эдийн засгийн замаар хөгжих боломжоо хадгалж чадсан байна.

ЗХУ задарсны дараагаар Австри төвийг сахих байр сууриа дахин авч үзэж эхэлсэн бөгөөд 1991 онд Москвагийн Меморандум цуцлагдсан байна. Үндэсний баярын өдөр 1955 оны  аравдугаар сарын 26-нд Австрийн “Төвийг сахих хууль”-ийг батлан гаргасан бөгөөд  удалгүй арваннэгдүгээр сарын 4-нд Холбооны Үндсэн хуулийн 211 дүгээр зүйл болон хуульчлагдсан байна. Энэ хуулийн хоёрдугаар хэсэгт “Австри улс цаашид ямар ч цэргийн эвсэлд нэгдэхгүй бөгөөд гадаадын цэргийн баазуудыг нутаг дэвсгэр дээрээ байршуулахгүй” хэмээн тусгасан. Гэхдээ их гүрнүүд Австрийн төвийг сахих статуст баталгаа гаргаагүй юм. Үүнээс хойш Австри нь төвийг сахих байр сууриа гадаад бодлогын гол чиглэл болгож ирсэн ч энэ нь Швейцарийн байнга төвийг сахих статусаас харьцангуй ялгаатай байсныг тэмдэглэх хэрэгтэй

1991 онд НҮБ-аас Иракийн эсрэг явуулсан цөлийн шуурга ажиллагаанд агаарын орон зайгаа ашиглуулахыг зөвшөөрсөн. 1995 онд ЕХ-нд элссэнээр тус Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогод идэвхтэй оролцож эхэлсэн. ОХУ 1994 оны зургаадугаар сард НАТО-гийн “Энхийн Түншлэл” хөтөлбөрт нэгдсэний дараа 1995 онд Австри улс тус хөтөлбөрт, 1997 онд Евро-Атлантын түншлэлийн Зөвлөлд нэгдсэн нь онцлог гэж үздэг.  Удалгүй Австри нь  Босни дахь энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн юм.

Өнөөг хүртэл 1955 оны Үндсэн хуульд Төвийг сахихтай холбоотой  хүчин төгөлдөр  цорын ганц заалт нь Австрийн нутаг дэвсгэрт гадаадын цэргийн баазуудыг зөвшөөрөхгүй байх тухай юм. Австри нь НҮБ-ын Цөмийн зэвсгийг хориглох гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээг НАТО-гийн бүх гишүүн орнууд эсэргүүцсэн юм.

Австри нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD) болон бусад олон улсын эдийн засгийн байгууллагад оролцохыг өндөр ач холбогдолтой гэж үздэг бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-д идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн юм. OSCE-ийн гишүүн орны хувьд Австрийн олон улсын үүрэг амлалт нь АНУ-ын Хельсинкийн Комиссын мандатын дагуу хяналт шалгалтад хамрагддаг.

Орос-Украин дайн эхэлсний дараа буюу 2022 оны тавдугаар сарын 18-нд Австрийн Гадаад хэргийн сайд Александр Шалленберг Финланд, Швед хоёр НАТО-д элсэх өргөдөл гаргасан ч Австри төвийг сахисан статусаа хадгалах болно гэж мэдэгдсэн  юм. Түүнчлэн А.Шалленберг Вена хотын засаг захиргаа Украинд зэвсэг нийлүүлэхийн оронд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно гэсэн байна. Үүнээс гадна 2021 оны байдлаар Австри улс байгалийн хийнхээ 80 хувийг Оросоос импортоор авч байжээ. Австри нь ЕХ-ны олон улс орноос ялгаатай нь Украинд зэвсгийн тусламж үзүүлдэггүй. Австри нь Унгарын  хамт Киевт зэвсэг нийлүүлдэггүй ЕХ-ны хоёрхон орны нэг юм.

Австрийн дайны талаарх байр суурийг зөвхөн төвийг сахисан байдалтай нь холбон ойлгох нь учир дутагдалтай ажээ. Учир нь Австри нь Европын орнуудаас Оросоос эрчим хүчний хамгийн их хамааралтай улсын нэг юм. Хоёр орны эрчим хүчний салбар дахь удаан хугацааны хамтын ажиллагаа нь Австрийн гадаад бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж иржээ.