• 6 сарын 13, Баасан

Санкт-Петербург дахь Австри-Унгарын эзэнт улсын ЭСЯ-нд Монгол Улсын Ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгээс илгээсэн жуух захидал

Редакцын бус нийтлэл
2025 оны 5 сарын 23
Редакцын бус нийтлэл
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений Монгол Улсад хийх төрийн айлчлалд зориулсан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль(ХИС)-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна.



Олноо өргөгдсөн Богд хаант улсын төдийгүй Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүхэнд 1912 оны аравдугаар сард 21-нд (шинэ тооллоор арваннэгдүгээр сарын 3) нийслэл Хүрээнд Монгол-Оросын Найрамдлын гэрээ бичиг болон Худалдааны Протоколд гарын үсэг зурсан нь үлэмжийн ач холбогдолтой түүхэн үйл явдал болсон юм. Сайхь гэрээ бичиг ёсоор Хаант Орос Монгол Улс болон түүний Засгийн газрыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн төдийгүй цаашид энэ гэрээ бичиг Монголын төр улсын бүрэн эрхт байдлыг баталгаажуулах олон улсын эрхзүйн үндэс суурийг нь тавьжээ. Монгол Улс Оросын эзэнт гүрэнтэй гэрээ бичиг байгуулсан нь тухайн үед Бээжингийн засаг баригчдаас Монголын талаар явуулж байсан консерватив башир бодлогод том цохилт болж, Хятадын Засгийн газар Хаант Оростой Монголын тухайд асуудлаар яриа хэлэлцээ хийх зайлшгүй нөхцөлийг нэгэнт буй болгожээ. Дурдсан гэрээ бичгийг байгуулсан явдал Монгол, Хятад хоёр улсын урьд өмнөх харилцааны status quo-г дуусгавар болгосон төдийгүй, мөн шинэ тулгар Монгол Улсын хувьд дэлхийн улс гүрнүүдтэй энэ тэнцүү харилцаа тогтоох боломжийг нээж өгөв.

Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа дээрх гэрээ бичиг Монгол Улсын статусыг олон улсын хэмжээнд тодорхойлон тогтоох албан ёсны анхны олон улсын эрхзүйн баримт бичиг болов. Үүний дараа Монгол Улс хоёр хөршөөс гадна олон улсын хэмжээнд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд «гуравдагч» гүрнүүдэд тусгайлан хандах шаардлагатайг харуулав. Тиймээс ч 1912 оны арваннэгдүгээр сарын 18-нд Монгол Улсын ГХЯ-наас ноот бичиг үйлдэж Их Фа (Франц), Ин (Англи), Дэ (Герман), Мэй (АНУ), Билиш (Бельги), Бин (Япон), Дан Ма (Дани), Хэ Лан (Голланд), Ау (Австри-Унгар) зэрэг есөн гүрний ГХЯ-нд Харбинд суугаа тэдгээр орны консулуудад Хөлөнбуйрын сайдаар дамжуулан өгчээ. Голланд, Дани, Австри-Унгарын дипломат төлөөлөгчийн газар Харбин хотноо байгаагүй тул 1912 оны сүүлээр Гадаад хэргийн сайд Чин ван М.Ханддорж Санкт-Петербургт айлчилах үеэрээ илгээхээр болжээ. Түүнд дурьдсан улсын Засгийн газруудтай дипломат төлөөлөгчид солилцож Орос-Монголын хэлэлцээр лугаа «харилцан гэрээ байгуулж, худалдаа нэвтрүүлж, улсын найрамдлыг зузаатгамуу» гэсэн саналыг дэвшүүлжээ.

зураг
 
Олноо өргөгдсөн Монгол Улсын ГХЯ-наас есөн гүрэнд илгээсэн ноот бичгийн уг эхийн хуулбар. 1912.11.18 Нийслэл Хүрээ. Эх сурвалж: Үндэсний түүхийн төв архив

Хаант Оросын Засгийн газрын урилгаар Олноо өргөгдсөн хаант Монгол Улсын Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэн тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид 1913 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербургт албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгээс тус улсад суугаа Австри-Унгарын эзэнт улсын Бүрэн эрх барих элчин сайд (тухайн үед гүн Оттокор фон Сцернин (Чернин Хэрэг түр хамаарагчаар ажиллаж байжээ Д.У)-ийн нэр дээр тухайлан дипломатын жуух захидал илгээжээ.

Дурьдсан жуух захидлын уг эхийн хуулбарыг Австри улсын Төв архивын газар Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өмнө буюу 2011 оны өвлийн тэргүүн сарын эхээр Австрийн Вена хотноо суугаа Монгол Улсын ЭСЯ-нд хүлээлгэн өгчээ. Уг жуух захидалд Монголчууд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнол юугаан сэргээн тогтоосон үнэнхүү учир байдал, Монгол өөртөө улс болон тогтносныг Их Орос улс хүлээн зөвшөөрсөн хийгээд 1912 оны аравдугаар сард (шинэ тооллоор арваннэгдүгээр сард) нийслэл Хүрээнд Найрамдлын болон худалдааны гэрээ байгуулсныг нотлохын сацуу Орос, Хятадын Бээжингийн Тунхаглалыг эсэргүүцэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Мөнхүү Хятад лугаа харилцах эсэхийг Монгол Улс өөрөө мэдэх ба бас Монгол Улсад дуртайяа дагаар орсон Монголчуудыг бүрнээ нэгтгэн авч, хил хязгаарыг тодорхойлон тогтоож Монгол Улсын язгуурын өөрийн нутаг газрыг батлахыг нотод баримталж буй хийгээд мөн ч удахгүй эхлэх Монгол, Орос, Хятад гурван этгээдийн уулзалтаар дээрхийг хэлэлцэх болсныг мэдэгдсэн байна.

Харин уг бичгийг хүлээн авсан Австри-Унгарын элчин сайд «...энэ асуудалд оролцохгүй байх нь одоогийн шатанд хамгийн мэргэн шийдвэр» гэдэг байр суурь баримталж, өөрийн улс руу энэ тухай албан бичиг явуулсан байна. Учир нь тухайн үед их гүрнүүд Хятадын Засгийн газартай газар нутаг, засаг захиргааны бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр харилцаж байсан юм.

Тийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын 100 жилийн өмнө худам монголоор бичсэн ноот бичгийн эх хувь, франц орчуулгын хамт Австри улсын төв архивт хадгалагдаж байсан байх бөгөөд баталгаат хуулбарыг ийнхүү монголын талд хүлээлгэн өгсөн ажгуу. Жуух захидлыг дор бүрэн эхээр нь буулгавал дараах мэт:

зураг
 
«Илгээх бичиг: Монгол Улсын хаан эзний зарлигаар зарсан Бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан Намнансүрэн нарын бичиг:

«Орос улсын нийслэл Петербүргэд суугаа Их зуу Улсын эрхэм элчин сайд танаа илгээв.

Мэдтүгэй хэмээн явуулах учир эдүгээ манай Монгол Улсын Хаан эзэн ба Засгийн газраас зааж ирснийг дагаж танаа эрхэм Засгийн газар мэдэгдэх нь:

Манай Монголчууд мөнөөхөн тусгаар хавсран захирч явсан Манжийн хааныг мөхөөхийн сацуу өөрийн язгуур үндсийг нэгтгэж, хэдийнээс тогтсоор ирсэн ёс суртал ба газар нутгийг бүрэн бүтэн болгон батлан сахихыг хүсэж бусдад огт үл захирагдах явдлыг тунхаглан зарлаад Монгол өөртөө улс болон тогтносныг найртай айл их Орос улс зөвшөөрөн хүлээж 1912 он Октябрь сарын хорин нэгний өдрөө Хүрээний газраа найрамдлын гэрээ ба худалдааны гэрээ байгуулсны дээр ба Орос, Хятад хоёр улс 1913 дугаар он Октябрь сарын хорин гуравны өдрөө манай Монгол Улсын тухай Бээжинд хэлэлцэн тогтоосон ухуулан зарлах гэрээ бичиг ба харилцан солилцсон албан бичгээр зөвшөөрөн баталжээ. Одоо манай Монгол Улсын Засгийн газраа мөнхүү ухуулан зарлах гэрээ бичиг ба солилцсон албан бичгийг хянан үзээд тухайд өөрийн саналыг илтгэж их Орос улсын Хаан эзний Засгийн газар ба Хятадын Бүгд Найрамдах Улсын Засгийн газраа тусгай албаны бичгээр мэдэгдсэнийг эрхэм танай Засгийн газраа найртай сайны ёсоор мэдэгдэх нь сая Орос, Хятад хоёр улсын тогтоосон гэрээний ёсоор болбоос манай Монгол Улсын буй бүхий дотоод Засгийн хэрэг ба жич бас худалдаа нэвтрүүлэхэд боловсруулах, сан, эдийн засгийн хэрэг хийгээд, мөн эдгээр зүйлд холбогдох төмөр зам, цахилгаан мэдээ байгуулах, гадаад улс лугаа харилцан найрамдах зэргийн хэргийг бүрнээ бусдад захирагдахгүй Монгол Улс өөрөө эзэрхэж Монгол Улс өөртөө тогтнохын үндсийг мөнхүү хоёр улсын Засгийн газраас лавдлалтайгаар батлан хүлээсэн нь мөн хэмээн манай Монгол Улсын Засгийн газраа мэдэж баярласнаас гадна Хятад, Орос хоёр улс тодорхойлсон манай Монгол Улсын хэргүүдэд оролцохгүй, Монгол Улсын газраа цэрэг илгээхгүй ба суулгахгүй, бас манай газраа нүүдлийн хүнийг нутаглуулахгүй хэмээснийг манай Монгол Улсын Засгийн газраа үзэж Монгол Улсын бусдад захирагдахгүйгээр тогтнохыг үнэнхүү итгэмжтэйгээр баталсан хэмээн ухаж мэдсэний дээр манай Монгол Улсын Засгийн газраас сануулах нь манай Монгол Улс Хятадын Холбооноос нэгэнт сольсон учир Монгол Улсын зөвшөөрөөгүйд тогтоосон ямарч Холбоог хүлээхгүй явдлыг илтгэж Орос, Хятад хоёр улсын Засгийн газраа хэдийнээс удаа дараа мэдтүгэй хэмээн явуулсан зүйл буй тул энэхүү ухуулан зарлах гэрээ бичиг ба солилцсон албаны бичгийн доторхи Монгол, Хятад хоёр улсын харилцан холбогдох явдлын тухай хэрхэн шийтгэх зэргийг манай Монгол Улс өөрөө мэдэх ба бас Монгол Улсад дуртайяа дагаар орсон Монголчуудыг бүрнээ нэгтгэн авч, хил хязгаарыг тодорхойлон тогтоож Монгол Улсын язгуурын өөрийн нутаг газрыг батлахыг нотод баримталж хэлэлцэхээс гадна ухуулан зарлах гэрээ ба солилцсон албаны бичгийн дотор Орос, Хятад, Монгол гурван этгээдээр харилцан хэлэлцэх хэмээснийг шууд зөвшөөрөв хэмээн явуулснаас гадна манай Монгол Улсын Засгийн газраас Хятад, Монгол хоёр этгээдэд хорлол бүхий цэргийн байлдааныг зогсоож, манай цэргүүдийг уул байсан газраас эгэхээр тушаасан ба, бас уламжлан Хятад улсын Засгийн газраа явуулж манай Монгол Улсын нэгэн үндэстний Дотоод Монголын зэрэг газраа бүхий хятадын цэргийг нэгэн адил татаж буцаалгамуу хэмээн явдлыг мөнхүү Петербургэд суугаа Хятад улсын элчин сайд ба, Их Орос улсын Гадаадын хэргийн яамны тэргүүн сайдад тус, тус мэдэгдэн явуулсны хамтад тодорхойлон гаргаж, үүнийг эрхэм сайд танаа найртай сайныг хүндэтгэн сэтгэлийг илтгэж мэдтүгэй хэмээн явуулаад олдвоос уламжлан эрхэм улсын Засгийн газраа нэвтрүүлэн явуулах ажаамуу үүний тул Монгол Улсын Бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан Намнансүрэн ёсолбаа.

Олноо өргөгдсөний гуравдугаар он. Өвлийн дунд сарын хорин гурван» гэжээ.

Тухайн үед Австри-Унгарын эзэнт улсаас Санкт-Петербург хотноо Хэрэг түр хамаарагчаар (a chargé d'affaires) Оттокар фон Сцернин хэмээх дипломат ажиллаж байжээ. Оттокар фон Чернин (Ottokar Graf Czernin von und zu Chudenitz 1872-1932) тэрбээр 1872 онд Чехийн герман иргэд суурьшсан Судет мужид багтдаг Бохеми (Böhmen) тойрогт чех-герман гаралтай үе дамжсан дипломатч язгууртны гэр бүлд төржээ. Гүн хэргэмтэй тэрбээр 1895 онд Прагын Чарльз-Фердинанд их сургуулийн хуулийн салбарыг төгсөөд Австри-Унгарын эзэнт улсын дипломат албанд орсон байна. Удалгүй Парис дахь ЭСЯ-нд атташе, 1899-1903 онд Нидерландын Хаага дахь ЭСЯ-нд дипломат алба хашжээ. Тэрбээр 1903-1912 онд Бохеми мужийн парламентын Доод, Дээд танхимд гишүүнээр дараалан сонгогдон ажиллаж байжээ. Бүрэн эрх барих элчин сайд Оттокар фон Сцернин 1913 оны аравдугаар сараас дипломат албанд дахин томилогдож, Ерөнхий сайд Т.Намнасүрэнгийн Жуух захидлыг хүлээн авах үед буюу 1913 оны аравдугаар сараас 1914 оны хоёрдугаар сар хүртэл Санкт-Петербургт суугаа Австри-Унгарын эзэнт улсын ЭСЯ-нд дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн элчин сайд өөрийн төрсөн ах Фридрих Сапари (Graf Friedrich von Szapary 1868-1935)-ийг орлон Хэрэг түр хамаарагчаар ажиллаж байжээ. Дараа нь 1914-1916 онд Авсрти-Унгарын эзэнт улсаас Румын улсын Бухарест хотод суугаа Бүрэн эрх барих элчин сайд, 1916-1918 онд Австри-Унгарын эзэнт улсын Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байжээ. Дэлхийн I дайны төгсгөлд Австри-Унгарын эзэнт улс задарсаны дараа тэрбээр 1920-1923 онд Австрийн парламент дэх Ардчилсан намын бүлгийн даргын орлогчоор ажиллаж байжээ. 1919 онд түүний бичсэн улс төр-дипломатын дуртгал In the World War сонирхолтой ном нь хэвлэгдэн гарчээ. 1932 онд Вена хотноо нас барсан байна.

Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын гадаад бодлого, дипломат ажиллагааны түүхэнд Монгол, Австри-Унгарын харилцаа холбооны асуудал тун бага хөндөгдсөн байдаг. Нэгд, Олноо Өргөгдсөн Монгол Улсын дипломат албанаас «гуравдагч» есөн гүрэнд хандсан ноот бичиг илгээж, түүнд Австри-Унгарын эзэнт улсыг оруулсан байсан нь тус улсын олон улсын харилцаан дахь жин нөлөөг харуулж байна. Тиймээс Бүрэн эрх барих элчин сайд Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн Санкт-Петербург хотноо суугаа Австри-Унгарын эзэнт улсын элчин сайдын нэр дээр жуух захидал илгээж, түүнд Монгол Улс Манж Чин гүрнээс туурга тусгаар бие даасан улс болсныг нотлон, Хаант Орос улс лугаа «Найрамдлын гэрээ бичиг» болон «Худалдааны Протокол» байгуулсаныг батлан мэдэгдэх ялдамд Орос-Хятадын Бээжингийн Тунхаг нь Монголд Улсад огт хамаарахгүй болохыг онцлон дурджээ. Хоёрт, Монгол, Хятадын харилцааны асуудлыг Монгол, Орос, Хятад гурван этгээдийн хэлэлцээгээр шийдвэрлэх учиртайг мэдэгдэж, чингэхдээ Монгол Улс болбоос дотоод Засгийн хэрэг болох худалдаа нэвтрүүлэх ба боловсруулах, санхүү, эдийн засгийн хэрэг хийгээд, мөн эдгээр зүйлд холбогдох төмөр зам, цахилгаан мэдээ байгуулах, гадаад улс лугаа харилцан найрамдах зэргийн хэргийг бүрнээ бусдад захирагдахгүй Монгол Улс өөрөө эзэрхэж шийдэх болсныг, Монгол Улс өөртөө тогтнохын үндсийг мөнхүү хоёр улсын Засгийн газраас лавтайяа батлан хүлээсэн, Хятад, Орос хоёр улс Монгол Улсын хэргүүдэд оролцохгүй, Монгол Улсын газраа цэрэг илгээхгүй ба суулгахгүй, бас монгол газраа нүүдлийн хүнийг нутаглуулахгүй хэмээснийг манай Монгол Улсын Засгийн газар баяртайгаар үзэж буйг нотолжээ. Гуравт, Монгол Улсад дуртайяа дагаар орсон Монголчуудыг бүрнээ нэгтгэн авч, хил хязгаарыг тодорхойлон тогтоож Монгол Улсын язгуурын өөрийн нутаг газрыг батлахыг нотод баримталж хэлэлцэхээс гадна, гурван этгээдийн хэлэлцээнд урьдач нөхцөл буй болгох сайн санааны илэрхийлэл болгож Дотоод Монголоос цэргээ эгүүлэх татаж буй тул Хятадын тал нэгэн адил цэргээ Дотоод Монголоос эгүүлэн татах талаар Орос, Хятадын Гадаад яамнаа мэдэгдсэн болохыг батлан мэдэгдсэн байна.

Сайхь жуух захидал (ноот бичиг хэлж болно Д.У) нь Монголын дипломатын баримт бичгийн түүхийн чухаг дурсгал мөн бөгөөд, аанай л Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайдаас «гуравдагч» гүрнүүдэд хандсан хамгийн анхны дипломат ноот бичгүүдийн нэг даруй мөн болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.233] 2025/5/23
Монголчууд манжийн дарлалд байгаагүй аягүй гоё хамтрагч нар бсн их гоё хөгжилтэй улс бсн мэтээр түүхийг гуйвуулагчид харийн үзэл сурталчид их болжээ энэ их муу шүү Богд Хаан тэгвэл манж хамтрагчаа мурьж тусгаар улс болсон гэсэн болоод ч байх шиг яаг үнэндээ хүрээнд 100к хятад 100к лам бсн нь түүхэн үнэн бид мөхлийн ирмэгт бсн тэгээд ч манжийн үеийг хятадууд манай Чин улсын түүх гэж үздэг олон улсад тэгж зөвшөөрсөн бдг шүү монголчуудаа болгоомж сэрэмжтэй бн шүү
0 | 2 Хариулах
Зочин [85.70.46.107] 2025/5/23
Өөрийгөө л хичээчих, тэгвэл болно. Өөр олон юм хэрэггүй.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.189.20] 2025/5/23
Манай улс Манжийн хаанд захирагдаж, Манжид дарлагдаж яваагүй, харин тусгаар байгаад хамтран захирч явсан гэдгийг энэ бичгийн эхний өгүүлбэрээс харж болж байна: Манай Монголчууд мөнөөхөн тусгаар хавсран захирч явсан Манжийн хааныг мөхөхийн сацуу...
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.81] 2025/5/23
Монголын агуу ген нь язгууртнуудад байжээ. Ингэхээр ген гэдэг агуу зүйл ажгуу. Америк, Япон, Хятад хөгжөөд байдаг нь ерөөсөө тэдний агуу гентэй холбоотой, мөн үү
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.99] 2025/5/23
Монголын төлөөх сор болсон сэхээтэнүүд , алтан ургийн хүмүүсийн алтан амиа золин байж хийсэн гайхамшигтай түүхийг үнэ цэнээр монголчууд өнөөдөр оршин тогтнож байгаа ч одоогийн улс төрчдыг жингийн туухай дээр ёстой тавих ямарч боломжгүй ёстой Онигоо Болох бхдаа .. ёстой
0 | 0 Хариулах
Монгол [103.57.92.160] 2025/5/23
Алтан ургийн ноёд одооний сэхээтэн нараас илүү холч бодлоготой хэрсүү снхээлэг байжээ..тиймээс ч большевикуудад үл таалагдаж бүгд устгагдсан бизээ...нүдээ нээж сэрэгтөөн монголчуудаа
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.108] 2025/5/23
БОЛЬШЕВИКУУД ЧИНЬ МОНГОЛЫГ АВАРСЫН БИШ ЮМУУ ДАЙСНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОНСОЦГООГ ҮЗЭЖ ӨССӨН КӨДӨӨНИЙ МОЯАНУУД ОРОСУУД Л МОНГОЛЫГ АВАРСАН ГЭЖ БАЙНГА ГУЦАЖ БГААШД 😂😂😂 ХЯТАД АМЕРИК 2 Л МОНГОЛЫГ ЭЗЛЭХГЭЭДЛ ДАРЛААД БАЙЖЭЭ ОРОС АХ НАР ИРЖ НАР НЬ ГИЙГҮҮЛЖЭЭ АМЕРИК НЬ Ч БАС ЮУВДЭЭ ХАХАХА
1 | 0 Хариулах
Бүү март, мартвал сөнөнө [157.15.7.113] 2025/5/23
Большевикууд монголын насанд хүрсэн 5-н эрэгтэй тутмын нэгийг нь алсан. Хэрвээ барууныхан болон япон, хятад улс байгаагүй бол монголчуудыг бүгдийг нь устгаад газрыг нь хөдөө аж ахуйн полигон болгох төлөвлөгөөтэй байсан. Тэд монгол хүнийг хүн гэж үздэггүй байв. Лам нарыг устгах ёстой жоомнууд, малчдыг сайн мөлжиж дарлаж байх ёстой ялаанууд, үндэсний сэхээтнүүдийг зэвүү хүргэсэн дайснууд гэж үзэж байв. Коминтерний төлөөлөгч Шмераль 1928 онд төвдөө бичсэн захидалдаа "...Энэ улсын хүн амаас илүү газар нутаг нь чухал учраас яаралтай цэрэг оруулж нэг мөсөн ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах хэрэгтэй..." гэж дүгнэлт өгсөн байдаг. Гэвч хятад, япон болон барууны улсуудын эсэргүүцэл байсан тул Тува шиг өөртөө нэгтгэж чадаагүй боловч өөрийн бодолтой үндэсний сэхээтэн, монгол хүн бүрийг түүж аймаглан устгасан. Соёлын өв, түүхийг нь устгаж мартуулах бодлогыг явуулсан, Чингис хааны алдрыг гутааж, монголчуудын бахархлыг үгүй хийх бодлого явуулав. Нийтээр архидан согтуурах, соцфеминизмийг дэлгэрүүлэв.
3 | 0 Хариулах
иргэн [66.181.176.99] 2025/5/24
Сайхан хуцдаг нохой хотонд чимээтэй, чимэгтэй байдаг юм. Харин энэ бол бээжин маягийн хав жов жов гэж солиорч байна. Чамайг ч бас анхааралдаа авахгүй бол чи хамгийн түрүүнд америкийн шээс долооно.
0 | 0