• 6 сарын 11, Лхагва

Вьетнамын эрх баригчид Телеграмыг хаах шийдвэр гаргажээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын эрх баригчид харилцаа холбооны компаниуддаа Телеграм мессенжэрийн аппликэйшнийг тус улсын зах зээлд хаах даалгавар өгсөн байна.

Үүнийгээ тус платформоор дамждаг гэмт хэргийн үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллаагүй шалтгаанаар тайлбарлажээ.

Харилцаа холбоо, интернэтийн компаниуд зургаадугаар сарын 2-ноос өмнө даалгаврыг биелүүлж, хариу мэдэгдэх үүрэг хүлээсэн нь Баасан гарагт тус улсын засгийн газрын сайтад нийтлэгдсэн мэдээллээс ил болсон байна.

Уг мэдээлэлд өгүүлснээр Вьетнамд үйл ажиллагаа явуулдаг Телеграмын 9,600 орчим сувгийн бараг 70 хувь нь хууль бус агуулгатай материал түгээдэг болохыг тогтоосон гэнэ.

Тухайлбал төрийн эсрэг, террорист үзэл суртал түгээх, хар тамхины наймаа, мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа, хууль бус замаар олж авсан хүмүүсийн хувийн мэдээллийг дамжуулахад ашиглагддаг ажээ.

Өнгөрсөн онд Вьетнамын засгийн газар Фэйсбүүк, Тикток зэрэг сошиал платформуудад хэрэглэгчийн бүртгэлийг баталгаажуулах, зарим хувийн мэдээллийг нь эрх баригчдад өгдөг болох журам хэрэгжүүлж эхэлсэн юм.

Телеграм компанийн төлөөлөгч Вьетнамын эрх баригчдын авсан арга хэмжээнд “гайхан цочирдож” байгаагаа мэдэгджээ.

“Бид Вьетнамын эрх баригчдын хүсэлтэд цаг тухайд нь хариу өгч байсан. Сүүлийн хүсэлтийн хариуг өгөх эцсийн хугацаа тавдугаар сарын 27-нд дуусахаар байгаа” гэж уг төлөөлөгч хэлсэн байна.

2025 оны эхний байдлаар Вьетнамын интернэт хэрэглэгчийн тоо 79.8 саяд хүрчээ. Дата судалгааны SOAX компанийн мэдээлснээр тус улсад Телеграм мессенжэрийн 11.8 сая орчим хэрэглэгч байдаг гэнэ.

Телеграмын дэлхий дахины нийт хэрэглэгчийн тоо нэг тэрбумд дөхөж байгаа.

Өнгөрсөн оны наймдугаар сард Телеграмын үүсгэн байгуулагч, Оросын уугуул Павел Дуров экстремист, террорист агуулгатай мэдээлэл түгээх боломж олгосон шалтгаанаар Парисын нисэх буудалд ирснийхээ дараа баривчлагдаж байв.

Одоо тэр Франц улсад хилээр гарах эрхгүй амьдарч байна.

 

Эх сурвалж: Aljazeera