Монгол Улс Евразийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахаар хэлэлцээ үргэлжилсээр байна.
Өнгөрсөн оны сүүлээр эцэслэхээр төлөвлөж байсан ч дотоодын үйлдвэрлэгчдийн санал бодлыг харгалзан түр хойшлуулаад байв.
Өдгөө энэ нь ямар шатанд явааг сэтгүүлчид Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Тэрбээр "Эдийн Засаг, Хөгжлийн Яам толгойлж хэлэлцээ хийж байгаа. Сангийн Яамнаас саналаа идэвхтэй өгч байна. Тавдугаар сард Москва хотноо эцэслэж зурах байх. Түүнээс наана хэлэлцээ дууссан байх учиртай.
Худалдаа бол импорт, экспорт гэсэн хоёр талтай. Импорт талаа хараад дотоодын аж ахуйн нэгжүүд эмзэглэж байгаа нь бас зөв. Сүүлийн жилүүдэд "Цагаан алт", "Хүнсний хувьсгал" гэх зэрэг маш үнэтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Олон төрлийн, хэдэн зуун тэрбумын татаас энэ салбарт орлоо. Дөнгөж өндийж, үйлдвэрлэгчид маань дотоодын зах зээлийнхээ тодорхой хувийг хангаж эхэлж байхад нь хамгаалахгүй бол болохгүй.
Гэхдээ нөгөө талдаа экспортоо бид харах ёстой. Ялангуяа малын түүхий эд, хөдөө аж аж ахуйн экспортууд бидэнд маш чухал. Үүний цаана бараг тэрбум ам.долларын экспорт яригдана. Түүнийг цаад талдаа татваргүйгээр экспортлох боломжоо олж авах нь энэ хэлэлцээрийн хамгийн том үр өгөөж байх болно.
Тодорхой хэмжээнд зах зээлээ хангаж чаддаг болсон үйлдвэрлэгчдээ хамгаалах тал дээр хэлэлцээ явагдаж байгаа. Өндөг, бусад тодорхой нэр төрлийн бараан дээр хэлэлцээ үргэлжилж буй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Лу.Гантөмөр сайдын танилцуулснаар өөрсдөө үйлдвэрлэдэг болсон түүхий эдүүдээ жагсаалтаас амжилттай хасаж байгаа гэсэн. Гэхдээ эцэслээгүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!