Уншиж байна ...

"10 хүүхэд тутмын найм нь бусадтай танилцах, эцэг, эхийн хяналтгүй сошиал медиа ашиглах зорилгоор илүү хаягтай байдаг"

М.Батчимэг, ikon.mn
5 цаг 43 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 онд Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймгийн хэмжээнд 13-18 насныхны дунд "Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгаа"-г хийсэн байна. 

Тус судалгаанаас онцлох үр дүнгүүдийг хүргэе. 

Хүүхдүүдийн хамгийн их ашигладаг сошиал медиа нь фейсбүүк байгаа ба дунджаар 4 өөр сошиал медиа ашиглаж байна. 96% нь фейсбүүк, 89% нь фейсбүүкийн мессенжер, 71% нь ютюб, 63% нь инстаграм, 45% нь тик ток ашигладаг.  
Интернэт зарцуулдаг цагийг дундажлаж тооцоолбол, өдөрт дунджаар 240 минут буюу 4 цагийг зарцуулж байна. Хамгийн их цагийг зарцуулж буй бүлэг нь 17-18 насныхан байгаа бөгөөд 279 минут буюу 4.6 цагийг зарцуулж байна. Хамгийн цагийг зарцуулж байгаа бүлэг нь 13-14 насныхан (212 минут буюу 3.5 цаг) байна. 
Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 80% нь 10-14 насандаа интернэт ашиглаж эхэлсэн байна.  
Хөвгүүдийн 64% нь интернэтээр тоглоом тоглох үйлдлийг хамгийн их хийж байхад охидын 63% нь хичээлээ хийх, 53% нь Google-ээс өөрт хэрэгцээтэй мэдээллийг хайх, 49% нь шинэ мэдээ, мэдээлэл авч байна. Охидын хувьд илүү их чатлах, дуу хөгжим сонсох хандлагатай байна. Насны хувьд ч гэсэн ялгаатай зүйлс ажиглагдаж байна.
Тухайлбал, 17-18 насныхны 31% нь подкаст (Podcast) сонсож байгаа нь 13-14 насныхантай харьцуулахад 6 дахин өндөр байна. Мөн 11, 12-р ангийн хүүхдүүд төлбөр тооцоо хийх хандлага хамгийн өндөр буюу 15-22% байна. 

10 хүүхэд тутмын 8 буюу 77%-д нь фэйсбүүкийн 1-с олон хаягтай найз байдаг. Тэдгээр найзууд нь дунджаар 3-4 хаягтай. Илүү хаягаараа 61% нь бусадтай чатлах, танилцах, 36% нь эцэг, эхийн хяналтгүй сошиал медиа ашигладаг.  

80% нь танихгүй хүнээс найз болох хүсэлт ирвэл, түүнийг хүлээж авдаггүй, 20% нь хүлээж авдаг гэж байгаа боловч 60% нь фэйсбүүкийн найзууд дунд мэдэхгүй, танихгүй хүн байдаг гэж хариулжээ. 
Интернэтийн бүртгэл хийхдээ өөрийн нэр, зураг, хүйс зэргийг үнэн зөв оруулдаг. Өөрийн гар утасны дугаараа хөвгүүдийн 68% нь оруулж байгаа нь охидоос 12 пунктээр илүү байна. Мөн хөвгүүдийн 35% буюу 10 хүүхэд тутмын 3-4 нь гэрийн хаягаа, 63% нь сурдаг сургуулиа оруулж байна.  Ялангуяа хамгийн их хувийн мэдээллээ оруулдаг бүлэг нь 15-16 насныхан байна. Мөн нас нэмэгдэх тусам өөрийн хувийн зургаа оруулах хандлага нэмэгдэж байна.  

43% нь “Цахим орчны халдлагын улмаас амиа егүүтгэх талаар манай үе тэнгийн хүүхдүүд ярьж байхыг сонсож байсан” гэж хариулжээ. Үндэсний Статистикийн Хорооны 2018 оны жилийн эцсийн байдлаар тоон мэдээллээр Монгол Улсад 13-18 насны 267 мянган хүүхэд байгаа. Тиймээс энэхүү асуудал нь хамгийн багадаа 115 мянган хүүхдийг хамарсан асуудал болж байна. 

92% нь цахим орчинд зураг, мэдээллээ хуваалцахаасаа өмнө бусдыг гомдоох, өөрийгөө ичээх вий гэдгээ сайн бодох хэрэгтэй гэдэгтэй санал нэгдэж байгаа нь хамгийн өндөр байна. Үүний дараа 91% нь доромжилсон, хараалын үг ашигласан, хэн нэгнийг доош нь хийсэн сэтгэгдлүүд хаа сайгүй байдаг гэдэгтэй санал нэгдэж байгаа нь цахим орчинд бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээр бүх төрлийн сөрөг контентыг үзэж байгааг харуулж байна.

Хүүхдүүдийн 33% буюу 10 хүүхэд тутмын 3 нь садар самууныг сурталчилсан, насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, 34% нь манай үе тэнгийн хүүхдүүд нүцгэн зургаа цахим орчинд тавьж байхыг харж байсан гэж хариулж байгаагаас харахад цахим орчин нь насанд хүрээгүй хүүхдийн сэтгэхүйд сөрөг нөлөөтэй болохыг дахин дахин харуулсаар байна.
Цахим орчны дарамтад өртсөн найзуудынх нь 59% нь буюу 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлж байгаагүй байна. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг байгаа нь эцэг, эх болон хүүхдүүд хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.