Уншиж байна ...

"Манчестер Юнайтед" клуб Олд Траффордыг шинэчлэхэд $2.59 тэрбумыг зарцуулна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Английн "Манчестер Юнайтед" клуб Олд Траффорд цэнгэлдэхдээ $2.59 тэрбум ам.доллароор шинэчлэхээ зарлалаа.

Үүний үр дүнд 100,000 хүний суудалтай Их Британийн хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх болно гэж тус клубийн хувьцаа эзэмшигч Жим Ратклифф албан мэдэгдэлдээ онцолсон юм.

Шинэ цэнгэлдэхийн барилгын ажил таван жил үргэлжлэхээр төлөвлөжээ.

Их Британийн тэрбумтан эр өнгөрсөн оны хоёрдугаар сард багийн хувьцааг эзэмших болсноосоо хойш шинэ цэнгэлдэх барих санаагаа илэрхийлж байв.

Тус клубийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сард Олд Траффорд орчмын талбайн ерөнхий төлөвлөөг боловсруулахаар "Foster + Partners" компанитай хамтрах болсон юм.

Лондонд болсон арга хэмжээний үеэр шинэ цэнгэлдэхийн архитектурын дизайныг танилцуулсан байна. Шүхэр хэлбэртэй дизайны ачаар эрчим хүч, борооны усыг хуримтлуулан хэрэгтэй үедээ дахин ашиглахаар төлөвлөж байна.

Иймэрхүү томоохон хэмжээний цэнгэлдэхийн бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор 10 орчим жил үргэлжилдэг. Тэгвэл "Foster + Partners" компанийн захирал Норман Фостер Манчестер хотыг Ирландын тэнгистэй холбодог 58 км урт сувгийг ашигласнаар дээрх хугацааг хоёр дахин багасгах боломжтой гэж үзэж байна. 

Олд Траффорд цэнгэлдэх орчмыг сэргээн засварлах төлөвлөгөөг Их Британийн Сангийн сайд Рачел Рийвес тэргүүтэй Засгийн газраас дэмжсэн билээ.

Клубийн зүгээс төслийн хүрээнд 92,000 ажлын байр шинээр бий болж, 17,000 орон сууц баригдана гэж мэдэгдэв. Түүнчлэн Их Британийн эдийн засагт жил бүр 7.3 тэрбум фунтийн ашиг авчирна гэж тодотгосон.

Уг цэнгэлдэхэд 2006 оноос хойш их засвар хийгээгүй. Нийт 74,879 хүний суудалтай цэнгэлдэхийн дээврээс ус гоожиж, мэрэгч амьтад ихээр үзэгдэх болсон юм.

 

Эх сурвалж: Reuters