"Оюу толгой" компани Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллахаа баталгаажуулж, 100 сая мод тарьж ургуулах амлалт авсан билээ. Уг ажлынхаа хүрээнд мод үржүүлгийн газруудын тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчилж, тоо хэмжээг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарт сайн жишиг тогтоож, байгаль орчноо нөхөн сэргээх, нийгмийн хариуцлагын хүрээнд бодит үйл ажиллагаа хэрэгжүүлэх тал дээр түүчээлэн ажиллаж буй.
Өнгөрөгч сарын 24-нд мод үржүүлгийн салбарын мэргэжилтнүүд цуглаж, “100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд болон ойжуулах ажилд зориулан шалгаруулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бодит хэрэглээ, үр нөлөөллийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Оюу толгой” компанийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Фил Абрахам:
- "Оюу толгой" компани 2021 онд 100 сая мод тарьж ургуулах амлалт авснаас хойш Ойн газар, ойжуулагчидтай хамтран ажиллаж, хөтөлбөр дууссаны дараа ч үр нөлөө нь үргэлжилсээр байх төлөвлөгөөг боловсруулах гэж хичээсэн. “100 сая мод” хөтөлбөр хоёр хэсэгтэй бөгөөд тодруулбал, 60 сая модыг бодитоор тарьж ургуулах, нөхөн сэргээхээр ажиллаж байгаа бол 40 сая мод тарьж ургуулсантай дүйцэхүйц хөрөнгө оруулалтыг ойн салбарыг чадавхжуулах, суурь баазыг хөгжүүлэх чиглэлд хувь нэмэр оруулахаар төлөвлөж байна.
- Өнгөрсөн хугацаанд "Оюу толгой" компани Ойн газар, салбарын мэргэжилтнүүд, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран 20.5 сая модтой дүйцэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Ойн газрын дарга Б.Оюунсанаа:
- Мод үржүүлгийн салбарт ашиглагдаж буй тоног төхөөрөмж хэрэглээнээс гарч, хэт эдэлгээнд орсноос гадна тоо хэмжээний хувьд хангалтгүй байсан тул орчин үеийн шаардлагад нийцсэн, бүтээмжтэй, хүртээмжтэй, Монголын нөхцөлд тохирсон техникүүд үгүйлэгдэж байв. Шинээр байгуулсан таван мод үржүүлгийн газартаа тоног төхөөрөмжүүдийг нэг жилийн турш хэрэглэж үзсэн тул тэдгээрийн үр дүн дээр суурилсан бодит шийдэлд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашлаад бид чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөж байгаа ба ингэснээр мод үржүүлгийн салбар цогцоороо нэг шат ахиж чадна.
Өнгөрсөн гурван жил бидний хувьд бэлтгэл үе шат байсан бол одооноос хэрэгжилтийг эрчимжүүлэх шат руугаа орж, мод үржүүлэгчид бидний хувьд хамгийн чухал үе рүүгээ шилжиж байна.
Тогтвортой хөгжлийн Ерөнхий зөвлөх Б.Ууганбаяр:
- Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүд нэг дор цуглаж, санал бодлоо солилцох хэрэгцээ шаардлага өндөр байсан. Иймд бид өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан хэлэлцүүлэг өрнүүлж, цаашдын хамтын үйл ажиллагааныхаа талаар ойлголтоо нэгтгэх нээлттэй талбар бий болгож буйдаа баяртай байна. "Оюу толгой" компани өнгөрсөн онд зургаан багц, 48 тоног төхөөрөмжийг Ойн газарт хүлээлгэж өгсөн ба нэмэлтээр дөрвөн багц тоног төхөөрөмж хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй.
- Эдгээр тоног төхөөрөмжийн хэрэглээнд нийцтэй байдал, цаашид ашиглахад тохиромжтой эсэх, нэмэлтээр ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар шийдэл боловсруулж, энэ онд ханган нийлүүлэх тоног төхөөрөмжийн жагсаалтаа боловсруулах нь өнөөдрийн арга хэмжээний гол зорилго. Мөн уулзалтын хүрээнд зөвхөн мод үржүүлгийн тухай бус байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг өргөн хүрээний сэдвийг хамруулан хэлэлцэхээр төлөвлөж байна.
"Ургамлын далай" компанийн Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Хоролмаа:
- Миний харж байгаагаар мод үржүүлгийн салбар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөс өмнө өрхийн аж ахуйн зарчмаар хөгжиж байсан. Ойн салбарт хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, техникжүүлэх нь нэн чухал тул уул уурхайн салбар энэ чиглэлд анхаарч бидэнтэй нэгдэн ажиллаж буйд баяртай байна. Манай компанийн хувьд л гэхэд ажиллах хүчээ техник төхөөрөмжөөр түлхүү шийдсэнээр нэг цагт 10 мод бортоголодог байсан бол одоо 1,500 мод бортоголож байна. Гэхдээ мод үржүүлгийн газруудын хэрэгцээ шаардлага харилцан адилгүй байдаг тул өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохирсон техникийг хэрэглэж дадах нь зөв гэж бодож байна.
- Мөн аливаа томоохон тоног төхөөрөмжийг өндөр зардал гаргаж эсвэл зээлд хамрагдаж авах боломжгүй бол ойр орших мод үржүүлгийн газрууд хоршоолол маягаар хуваалцан хэрэглэснээр аль аль талдаа санхүүгийн хэмнэлт үүсгэх боломжтой. "Оюу толгой" компанийн зүгээс гардуулж буй эдгээр техник хэрэгслийг ч мөн хүчин чадлын судалгаан дээр үндэслэн цөөн төхөөрөмжийг олон газар хүртээмжтэйгээр ашиглах боломжтой санагдлаа.
"Агрофорест" компанийн захирал Д.Батдорж:
- "Оюу толгой" компани 25 нэр төрлийн тоног төхөөрөмж сонгон шалгаруулсан байна. Мод үржүүлгийн газрууд хүчин чадлаасаа хамааран тарьц, суулгацын нөөц үйлдвэрлэлийн хувьд харилцан адилгүй. Иймд тэдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжүүд ч мөн харилцан адилгүй гэсэн үг.
- Гэхдээ бүх төрлийн мод үржүүлэгт хэрэглэхэд зохистой гэж үзээд дугуйт трактор, дөрвөн корпуст анжис, чирдэг үндэс авагч, үрлэгч, тарьц ухагч, бортогонд хөрс савлагч гэх төхөөрөмжүүдийг манай багийнхан хэрэглээнд нийцнэ гэж үзлээ. Мөн энэ жагсаалтад байхгүй ч бид өөрсдийн зүгээс санал болгож буй нь хөрсний үйлдвэр, бортогоны үйлдвэр эсвэл цех. Бортоготой тарьцын нөөцийг массаар нь бий болгосноор өвлөөс бусад улиралд тарьц суулгацаа тарих боломж бүрдэх юм.
Эх сурвалж: unread.today
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!