Оросын шүүх өчигдөр Якутын бөө Александр Габышевийг өндөржүүлсэн харуул хамгаалалттай сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс ердийн эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргажээ.
“Энэ шийдвэр бол эрх чөлөөтэй болоход чиглэсэн нэг алхам юм. Эмчилгээ нь өмнөхөөсөө сулрахаар болж байна” гэж түүний өмгөөлөгч Алексей Прянишников шүүхийн шийдвэрийн талаар мэдээлсэн байна.
Гэхдээ Габышевийг төрөлх Саха руу нь шилжүүлэх үү, эсвэл одоо эмчлүүлж буй Алс Дорнодын Уссурийск хотод үлдээх үү гэдэг нь тодорхойгүй байгаа гэнэ.
“Якутск хот руу шилжүүлэхийн гол эерэг тал нь гэр орон, хайртай дотны хүмүүстэйгээ ойр байх юм. Гэхдээ Якутскийн сэтгэцийн эмнэлгийн эмч нар Александрыг анх галзуу гэж зарлаж байсныг санах хэрэгтэй” гэж өмгөөлөгч нь ярьжээ.
Одоо 55 настай Габышев ерөнхийлөгч Путинийг “муу муухайн биелэл” гэж нэрлээд түүнийг Кремлиэс хөөж гаргахаар Сахагаас Москва хүртэл 8,000 км-ийн урт зам туулах явган аяллаа 2019 оны гуравдугаар сард эхлүүлж байсан юм.
Замдаа тэр гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд орж, олон мянган дэмжигчтэй болсон ч хэдэн сарын дараа баривчлагдаж байв.
Сүүлийн таван жилийн хугацааг тэр сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж өнгөрөөсөн юм. Хараат бус сэтгэл зүйн мэргэжилтнүүд Габышевийг эрүүл хүн гэж үздэг. Хүний эрхийн байгууллагууд түүний эмчилгээг амь насанд нь халтай эрүү шүүлттэй зүйрлэж байлаа.
Оросын хүний эрхийн гол байгууллага Мемориал түүнийг “улс төрийн хоригдол” болсныг хүлээн зөвшөөрдөг.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!