Гурав дахь өдрөө үргэлжилсэн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн үймээн самууны үеэр Мозамбик улсын томоохон шоронгоос 1,500 гаруй хоригдол оргожээ.
Нийслэл Мапуто хотоос 15 км зайд оршдог чанга дэглэмтэй хорих газраас нийт 1,534 хоригдол оргосныг тус улсын үндэсний цагдаагийн газрын дарга Бернардино Рафаэл өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.
Шоронгийн хамгаалагчидтай тулгарах үеэр оргохыг завдсан 33 хоригдол алагдаж, 15 хоригдол шархадсан байна.
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийг эрэн сурвалжлах ажилд дайчилсны үр дүнд 150 орчим оргодлыг баривчлаад байгааг Рафаэл мэдээлжээ.
Оргосон хоригдлуудын дунд Мозамбикийн хойд Кабо Делгадо мужид сүүлийн долоон жил бослого тэмцэл явуулж буй зэвсэгт бүлэглэлийн 30 орчим гишүүн байсныг бас мэдээлсэн байна.
Африк тивийн өмнөд бүсэд оршдог, португал хэлтэй Мозамбик улсад аравдугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм.
Сонгуулийн үр дүн маргаантай байснаас ялагчийг эцэслэн зарлаж чадалгүй хоёр сар гаруй хугацаа өнгөрөөд байв.
Даваа гарагт тус улсын дээд шүүх 1975 оноос хойш төр барьж буй Фрелимо намын нэр дэвшигч сонгуульд ялсныг зарласнаар улс төрийн хямрал улам гүнзгийрсэн юм.
Сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн зарим хэсэг өчигдөр хорих анги руу дайрсны улмаас хоригдлуудад оргох боломж олджээ.
Даваа гарагаас хойш нийслэл Мапуто даяар дээрэм тонуул, эвдэн сүйтгэл үргэлжилж байна. Өчигдөр тус хотын хэд хэдэн хэсэгт эмх замбараагүй байдал үргэлжилж, эрх баригчид иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Дээд шүүх Фрелимо намын дарга Даниэл Чапог 65.17 хувийн саналаар ялсныг зарласан нь сонгуулийн хорооноос анх зарласан саналын хувиас тав орчим нэгжээр бага байв.
Чапогийн гол өрсөлдөгч, сөрөг хүчний тэргүүн Венансио Мондлане сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд байгаа.
Сонгуулийн дараах үймээн самууны үеэр амиа алдсан хүний тоо хамгийн багадаа 150 хүрснийг Мозамбикт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн төрийн бус байгууллага мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!