УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлт буюу Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль зүйн байнгын хороо тус дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн бол Төсвийн байнгын хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжив. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөх тогтоолын төсөл батлагдлаа.
Үндсэн хуулийн цэц нэр бүхий иргэдийн гаргасан Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэсэн байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхланг Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр томилжээ.
Дээрх маргааныг Цэц хянан хэлэлцээд, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ... татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэжээ.
Мөн Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1 дэх заалтад "татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;", 34.4.3 дахь заалтад "татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж заасныг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна.
Иймд Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт "Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2024 оны 04 дүгээр дүгнэлтэд дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!