Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Урт цагааны нэг м/кв-ыг 9,000 төгрөгөөр түрээслэх гэрээтэй ч цааш нь 350-450 мянган төгрөгөөр дам түрээсэлдэг"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагаа, барилгын асуудлаар Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын төлөөлөл: 2009-2019 оны хооронд тус барилгатай холбоотой мэргэжлийн хяналтын улсын байцаагч, галын түймрийн улсын байцаагчийн 10 гаруй дүгнэлт гарсан байдаг. Энэ дүгнэлтэд тус барилга нь барилгын болон гал түймрийн тухай хууль зөрчсөн, үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн байдаг. 

Уг барилгад үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэд бизнесийн үйл ажиллагаа доголдлоо гэж байгаа. НӨАУГ-аас тус барилгын дам түрээслэгчид болох 300-400 орчим иргэнийг хүлээн авч уулзаж байна. Түрээслэгч иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч нэгтгэнэ. Өнөөдрийн байдлаар 30 орчим иргэнтэй уулзаад байна. 

2020 оны гуравдугаар сарын 19-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгээр захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Гэвч хариуцагч тал болох НӨАУГ-ын зүгээс давж заалдах гомдол гаргаад байгаа. Уг хэргийг гурван шатны шүүхээр шийдэх бөгөөд эцсийн шийдвэрийг Улсын дээд шүүх гаргана. Тиймээс одоогийн байдлаар шүүхээс эцсийн шийдвэр гаргаагүй байна. 

Түрээсийн гэрээний тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд НӨАУГ-тай нийт 30 иргэн, ААН түрээсийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар НӨАУГ-тай тус төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН-тэй гэрээ байгуулсан зүйл байхгүй. 
Манайхтай түрээсийн гэрээ байгуулсан 30 иргэн, ААН нь нэг м/кв-ыг 9,000 төгрөгөөр түрээсэлдэг. Харин дам түрээслэгч болох 300-400 иргэнд нэг м/кв-ыг нь 350-450 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэх мэдээлэл байгаа. Үүнээс харахад санхүүгийн зөрчлийн асудал явагдаад байгаа учраас нэлээд асуудал үүсч байна. 

Урт цагаан үйлчилгээний төвийн барилга галын аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон. Алт, мөнгөний дархан, цайны газрууд бүгд баллонтой хий ашигладаг учир дэлбэрэлт үүсэх, иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй. 

Мөн гуравдугаар сарын 16-нд тус барилгын 12 дугаар блокын хөрсөн дор байх ус, дулааны шугам задарсан. Үүний улмаас 10 орчим сая төгрөгийн ус тус барилгын доогуур алдагдсан. УСУГ-аас акт тогтоогоод байгаа. 

Дам түрээслэгчдийн төлөөлөл манай байгууллагад ирж уулзаж байгаа. Цагийн хувьд нээлттэй. 30 түрээслүүлэгчээс дарамт, шахалт их ирдэг учраас хийсэн гэрээнийхээ талаар хэлэхэд хүндрэлтэй байгаа талаар хэлж байгаа. 

НМХГ-ын байцаагч н.Гантулга: Мэргэжлийн хяналтын байгууллагаас Урт цагааны барилгатай холбоотой хоёр удаагийн дүгнэлт гаргасан. 2011 онд барилгатай холбоотой иж бүрэн шинжилгээ хийлгэхэд хүчтэй бэхэлгээ хийлгэх, эсвэл дахин төлөвлөлтөд хамруулж, шинэчлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан. 2014 он мөн адил дүгнэлт гарсан байдаг. 

НӨАУГ-аас нийт түрээслэгчдийн саналыг авч, нэгтгээд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн саналаа гаргаж, НИТХ-д танилцуулна. Эцсийн шийдвэрийг НИТХ гаргах юм байна.