Нийслэлийн Засаг даргын захирамжаар Урт цагааны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсон билээ.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Урт цагааны үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчихлаа. Цаашид тухайн барилгыг хэрхэх вэ. Шинэчлэх боломж бий юу?
-Тухайн барилгыг цаашид яаж шинэчлэх талаарх асуудлыг бид нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд өргөн барина. Ямар шийд гарахыг одоо хэлэхэд эрт байна.
Гэхдээ өчигдөр нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 32 дугаар хуралдаан дээр энэ асуудлыг танилцуулсан.
Харин төлөөлөгчид тус барилгыг шинэчлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан бөгөөд заавал барилга байгууламж гэлгүй цэцэрлэгт хүрээлэн болгох ч санал гарч байсан.
-Уг нь тус барилгын орчмыг жуулчны гудамж гэж нэрлэдэг шүү дээ.
-Тийм. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороо Жуулчны гудамж нэрээр явдаг. НИТХ-ын өчигдрийн хурлаар Урт цагааны гудамжийг жуулчных нь чиглэлээр нь авч үлдэх ёстой гэсэн байр суурьтай байна.
Мөн Урт цагааны түрээслэгчид тухайн барилгыг дурсгалт барилга гэж ярьж байсан. Үүнд хариулт хэлэхэд, Урт цагааны барилга түүхийн үнэтэй, дурсгалтай барилгаар тогтоогдсон зүйл байхгүй.
-Ашиглалтын шаардлага хангахгүй гэж улсын байцаагчид олон удаагийн дүгнэлт гаргаад байхад яагаад өдийг хүртэл хэвийн үйл ажиллагаатай явсаар ирсэн юм бэ?
-Үе үеийн удирдлагууд тус төвийн үйл ажиллагааг нь зогсоохоор ажиллаж байсан юм билээ. Гэвч Урт цагаан үйлчилгээний төвийг түрээслэгчдийн эсэргүүцлээс болоод шийдвэрлэж чадалгүй өнөөдрийг хүрсэн байна.
-Дамаар түрээсэлж, танайхтай хийсэн гэрээгээ зөрчсөн аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцох вэ?
-Гэрээнд дамжуулан түрээслэхгүй гэсэн хатуу заалт бий.
Түүнийг олон жил зөрчин, ийм маягаар явчихсан учраас хариуцлага хэрхэн тооцохыг хууль, хяналтын байгууллага шалгаад явах байх.
-Давхар түрээслэн, ажиллаж байсан 400 орчим иргэдийн ажлын байр яана гэсэн үг вэ?
-Давхар түрээсэлж байсан 400 түрээслэгчээ нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газар зохион байгуулалтайгаар хүлээж авч уулзана. Иргэдээ бид хохироохгүй тал дээр анхаарч ажиллана.
- Түрээслэгчид өмнө нь Урт цагааныг үйл ажиллагааг зогсоохыг эсэргүүцэж, зохион байгуулалтай байх магадлалтай гэж хардаж буйгаа илэрхийлж байсан. Та энэ тал дээр тайбар өгөхгүй юу?
-Тийм зүйл байхгүй. Тус төвд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр бололцооныхоо хэрээр 10-20 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөдөг.
Энэ мөнгө засвар үйлчилгээ хийхэд үнэхээр хүрдэггүй. Бага түрээсээр мөнгөө авдаг. Шугам сүлжээ нь тэр олон жил болсны улмаас илүү их хөрөнгө төсөвлөх шаардлага гарч байна.
-Та мэдээлэл хийх үеэр Урт цагааны үйл ажиллагаанд Цагдаагийн байгууллага хяналт тавьж шалгаж байгаа гэж хэлсэн. Ямар учраас шалгаж байгаа юм бол. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Хууль бусаар алт хайлуулдаг гэх мэт хууль зөрчсөн үйлдлүүдийг нийслэлийн Цагдаагийн газар болон Тагнуулын байгууллагаас шалгалтын хэсэг гаран ажиллаж байгаа.
-Захирамжид өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг зогсооно гэсэн байна. Яг одоо Урт цагааны үйл ажиллагаа нь бүрэн зогссон байгаа юу?
-Нийслэлийн Засаг даргын захирамжийг өнөөдөр л олон нийтэд танилцуулж байна.
Тиймээс цаашид мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, Засаг даргын захирамжийн биелэлтийг хангаж ажиллана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!