Урт цагаан үйлчилгээний төвийн түрээслэгчид өнөөдөр зам хаан жагслаа.
Түрээслэгчид хэлэхдээ “Энэ сарын 21-нээс эхлээд хэрэглээний халуун, хүйтэн ус хааж, өнөөдөр тог тасалсан. Урт цагааны үйл ажиллагааг зогсоохтой холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ингэж байгаад бид дургүйцэж байна.
Дэлхий дахинд коронавирус эрчимтэй тархаж байгаа энэ үед ус, тогийг маань тасласанаар бидэнд гараа угаахаас эхлээд хүндрэл үүсэж байна” хэмээн ярьж байв.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Эдгээр иргэд жуулчны гудамжийн замын хөдөлгөөнийг 40 минут орчим бүрэн хаасан.
Энэ гудамж нь нийслэлийн төвийн дүүргийн замын нэлээд ачааллыг авдаг. Мөн нэг гэрлэн дохио асахад л олон тээврийн хэрэгсэл уулзвараар нэвтрэх боломжтой байдаг.
Гэтэл хотын төвийн гол хөдөлгөөнийг зангиддаг уулзварыг ийм удаан хугацаагаар хаасан нь нийслэл хотын замын хөдөлгөөнийг нэлээд гацаалаа.
Эдгээр иргэд ингэж жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа нь нийслэлийн Засаг даргын А/223 болон А/108 дугаар захирамжийг зөрчиж байна.
Үүнийг нь Цагдаагийн алба хаагчид сайн тайлбарлаж, эхний ээлжинд замын зорчих хөдөлгөөнийг чөлөөлүүлж, жуулчны гудамжны хоёр урсгалыг нээн, ачаалал авсан замуудын хөдөлгөөнийг сийрэгжүүлэх зохион байгуулалтыг хийсэн” гэсэн мэдээллийг өглөө.
Уг үйлчилгээний төвийг 30 ААН, хувь хүн түрээсээр эзэмшдэг бөгөөд тэд дамлан 300-400 хүнд түрээслэн үйл ажиллагаа эрхэлдэг аж.
Эргэн сануулахад, Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төв нь ашиглалтын шаардлага хангахгүй учир Нийслэлийн Засаг даргын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн А/216 дугаар захирамжаар үйл ажиллагааг нь хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зогсоохоор шийдвэрлэсэн байдаг билээ.
Гэрэл зургийг Д.Занданбат /MPA.mn/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!