Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Уул уурхайн бодлогыг хоржоонтой харьцуулах нь…

ikon.mn
2015 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Фотог http://www.mongoliaeconomy.com -с ашиглав.

Чили Улс дэлхийн зэсийн бүтээгдэхүүний 36 хувийг, молибдений 15 хувь орчмыг дангаараа гаргадаг. Энэ хоёроос өөр маш олон уул уурхайн бүтээгдэхүүнээрээ ДЭЛХИЙД НОМЕР 1 гэж эрэмбэлэгддэг аварга айл.

Энэ улсын хамгийн том уул уурхайн компаниуд нь төрийн 100 хувь эзэмшлийн CODELCO, хувийн буюу BHP, Rio Tinto дийлэнх хувийг нь хянадаг Escondida  гэж  хоёр аварга компани байх. Энэ хоёр дангаараа энэ улсын зэсийн олборлолтын 50-иас илүү хувийг гаргадаг аваргууд нь.

Өөрөөр  хэлбэл энэ улсад хувийн ч, хувьсгалын ч уул уурхайн компаниуд амжилттай ажилладаг гэж ойлгож болно. 

Энэ улс 2003-2010 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүнд нь эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиас 16 хувь болгож хараат байдлаа багасгаж байгаагаараа бахархаж байгаа. 33 хувь орчим байсан ядуурлыг 1990 оноос хойш ямбийтал буулгаж 5.5 хувь болгосон. Гадаадын нийт хөрөнгө оруулалтад эзлэх уул уурхайн хувь нь 37 хувь. 

17.6 сая хүн амтай энэ улсын уул уурхайн салбарын татвар, Дивидент хураамжаас үүсгэсэн төрөл бүрийн сангууд нь 2013 оны байдлаар нийтдээ 22.7 тэрбум ам.долларын  үнэлгээтэй байгаа бөгөөд Чиличүүд өөрсдийн өрсөлдөгчөөр уул уурхайн бас нэгэн аварга айл Австралийг онилоод ойрын 15 жилд гүйцэж хүрнэ хэмээн тэмүүлж байгаа ажээ. 1 ам.доллар=630 Пэсо 

Чили улсын төр уул уурхайн компаниудаа эдийн засгийг нь төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг шаардаж бас дэмждэг.

Жишээ нь BHP “Дэлхийн зэрэглэлийн ханган нийлүүлэлт” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн үр дүнд Чили дахь BHP-н уурхайд ханган нийлүүлэлт хийдэг орон нутгийн 6000 компаниас 2020 он гэхэд дэлхийн хэмжээний 250 компанийг бойжуулан гаргахаар ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрөөс бойжсон Prodinsa гэх компани одоогоор 200 ажилтантай жилийн борлуулалт нь аль хэдийн 50 сая ам.доллар болжээ. 

Энэ хөтөлбөрт хамрагдсан компаниудыг болоод хэрэгжүүлж байгаа айлыг ч тэр төр нь татварын бодлогоор дэмждэг бол сургах, анхны гарааны хөрөнгө оруулалт хийх, бүтээгдэхүүнийг нь худалдан авч эргэлтийг нь дэмжих зэргийг дээрх аварга уул уурхайн компаниуд хийдэг байна. Эхний ээлжинд зөвхөн Чили дэх өөрийн уурхайнуудад ханган нийлүүлэлт хийлгэж дэмжиж байгаад бусад улс орнуудад байдаг уурхайнууддаа ханган нийлүүлэлт хийлгэж дадлага хийлгэдэг гэнэ. Магадгүй зарим нь манай "Оюу Толгой"-д ханган нийлүүлэлт хийгээд явж л байгаа байх. 

Энэ хөтөлбөр Чилийн бусад уурхайнуудад хэрэгжихээр болж төрийн өмчийн CODELCO компани саяхнаас хэрэгжүүлэхээр болоод байгаа юм байна. 

Энэ амжилттай байдлын гол үндсээ Чиличүүд: 

  1. Тогтвортой уул уурхай, хөрөнгө оруулалтын бодлого, хууль
  2. Бүх төрлийн эзэмшлийн компаниуд ямар нэг хязгаарлалтгүй чөлөөтэй хөрөнгө оруулах
  3. Чиличүүдийг нийт ажлын байрны  85 хувьд нь заавал ажиллуулах, чаддаггүйг нь сургаж дадлагажуулаад ажиллуулах 
  4. Чилийн дотоодын компаниудаар дамжуулж худалдан авалт, ханган нийлүүлэлтээ хийдэг байх 
  5. Байгаль орчныг хамгаалах хатуу чанга бодлого, хууль зэрэг хэдхэн ойлгомжтой зарчим, шаардлага тавигддагт байдаг гэж тайлбарлажээ.

Нэг зүйлийг энд тодруулан хэлэхэд энэ улсад агуу их “Эх оронч”-д байдаггүй ба хэн ард түмэндээ хамгийн их хайртайгаар нь төр засгийн өндөрлөгтөө залдаг уралдаан тэмцээн байдаггүй. 

Монгол Улс алт, зэс, нүүрсээрээ дэлхийн эхний 10-т ордог нөөцтэй. Бүтээгдэхүүнээрээ бол дэлхийд үзэх хараахан болоогүй байгаа. ОТ, ТТ, Эрдэнэт гэх зэрэг төр, хувийн эзэмшил хосолсон өмчийн хэлбэр бүхий аварга ордуудтай одоогоор Эрдэнэт нь бүрэн чадлаараа ажиллаж байгаа нөгөө хоёр нь хөгжүүлэх шатандаа яваа шинэ төслүүд.

Монгол Улс 2003-2010 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүнд нь эзлэх уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээг 12.6 хувиас 22 хувь, харин экспортод эзлэх хувиа 56 хувиас 90 хувь илүү болгож хараат байдлаа өсгөсөн байгаагаараа бас л “бахархаж” байгаа.

1998 онд 35.6 хувь байсан ядуурлын төвшин нь 2012 оны байдлаар буюу уул уурхайн сүүлийн тэсрэлт дайраад өнгөрсөн сайхан он жилүүд дуусахад арай гэж 27.4 хувь болгож ямбийтал нүдүүлсэн. Гадаадын нийт хөрөнгө оруулалтад эзлэх уул уурхайн хувь нь 73 хувь. 

Гурван сая хүн амтай Монгол Улс уул уурхайн тэсрэлтийн он жилүүдэд олсон бүх орлогоо ард иргэддээ хайртайгаа батлах гэж бүгдийг нь тараасан. Мөн олон улсын зах зээл дээрээс босгосон 1.5 тэрбум ам.долларын Чингис, 0.8 тэрбум ам.долларын  Самурай бондуудыг үр дүнгүй зарцуулж өрөнд унасан байдалтай байгаа. 1 ам.доллар=2000 орчим төгрөг. 

Төр засгийнх нь зүгээс уул уурхайгаас хараат бус ЭЗ-г бий болгоно гэж сүүлийн хэдэн жил асар их лоозонг дэвшүүлсэн ч тодорхой хэрэгжсэн хөтөлбөр, татвараар дэмжих гэх мэт бодитой дэмжлэг бараг үгүйтэй ижил. Харин чээжээ цөмлөчих шахан “Эх оронддог” УИХ-ын гишүүн болон төв талбайн сайн дурын уран сайханчдаар бол дэлхийд гайхуулах хэмжээний хөтөлбөртэй.

Бүх зүйлийг төр нь эзэмших гэсэн нэг төрлийн гажиг гэмээр хандлагатай. Төр нь хувь эзэмшдэг ОТ, ТТ  хоёр төсөл нь одоогоор яах нь тодорхойгүй гацсан байдалтай. Төрийн эзэмшлийн Эрдэнэт уурхай нь өөртэй нь ижил хэмжээ бүхий уурхайгаас даруй гурав дахин их 6000 давсан ажилтантай. Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хувьд Хятад болон Оросоос л зөвхөн бүтээгдэхүүн авдаг. 10 тэрбум төгрөгийн өртөг бүхий агуулах дүүрэн уурхайд шаардлагагүй бараа бүтээгдэхүүн худалдан авч дарсан гэж удирдлагууд нь мэдэгддэг. 

Монголын энэ “амжилттай” байдлын гол үндэс нь:

  1. Тогтворгүй уул уурхай, хөрөнгө оруулалтын бодлого, хууль мөрдүүлэх гэж зүтгэх
  2. Хөрөнгө оруулалтыг эзэмшлээс нь хамаарч хязгаарлах, татвар гэнэт нэмэх зэрэг төрөл бүрийн хууль гэнэт гаргах. Төлөхгүй бол улсаасаа гаргахгүй байж байгаад шоронд шилжүүлдэг. 
  3. Гадаадын компаниудаар дамжуулж худалдан авалт, ханган нийлүүлэлтээ хийх
  4. Байгаль орчныг хамгаалах ойлгомжгүй сул бодлого, хууль хэрэгжүүлэх 
  5. Агуу “Эх оронч”-н бүлгүүд улирлын чанартай ажиллуулах 
  6. Тэдгээр агуу “Эх орончид”-оо хэн хамгийн их ард түмэндээ хайртайгаар нь шалгаруулж УИХ-д ээлж дараалан, эвсэл багаар нь сонгох, улмаар энэ салбарын сайд болгох уралдаан зарлан амжилттай хэрэгжүүлэх зэрэг үндсэн зарчмуудаар биелүүлдэг бөгөөд үүнийхээ үр шимээр чамгүй амжилттай хойшоогоо ухрах уралдаанд тэргүүлж байгаа ажээ.

Товчхондоо бол УУЛ УУРХАЙ амжилттай явдаг орны бодлого энэ салбарын зардлаас ашиг бий болгох, бүх төрлийн зардлыг улсдаа шингээж үлдэх, ажлын байр бий болгох татвар, ногдол, хураамжаа “Ирээдүйн сан” байгуулж хадгалах, хөрөнгө оруулахад чиглэдэг.

Харин Монголын уул уурхайн бодлого нь энэ салбараас орж ирэх татвар, ногдол, хураамж зэргээ хэрхэн ард түмэндээ хамгийн хайртайгаа баталсан “Эх оронч” шалгаруулах уралдааны ялагчдын Ариун шударга шаардлагыг биелүүлэхэд зарцуулдаг бөгөөд энэ салбарын зардлыг улсдаа шингээх, ажлын байр бий болгох чиглэлд ер анхаардаггүй ажээ…

 

Нийтлэлч:

Гонгорын Дамдинням