Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Геологийн төв лабораториос Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг чулуун болгох ажил есдүгээр сард дуусна"

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн хэмжээнд 14 байршлын 186,839 ам метр явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж буй талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл өгөв.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг: Улаанбаатар хотын гол өргөн чөлөө, гудамжнуудын явган хүний замыг засварлах ажил үргэлжилж байна.

2024 онд Хот төлөвлөлт, судалгааны институтээс Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол, Олимпын гудамж, Их, Бага тойруу, Сүхбаатарын талбай зэрэг 15 байршилд явган хүний замыг засварлахдаа холбоо мэдээллийн сувагчлал, цахилгаан хангамжийн шугамыг шилжүүлэх ажлын зургийг гаргасан байдаг. Ажлын зургийн дагуу 15 байршилд 58.2 километр урттай, 215,000 м.кв талбай бүхий явган хүний замыг шинэчлэхээр нийслэлийн төсвөөс хөрөнгө шийдэгдэж, энэ онд 14 байршилд нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан.

Энхтайвны өргөн чөлөөнд нийт 11.6 километр холбоо мэдээллийн кабелийг газар доогуур оруулах ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараа байгалийн чулуун явган хүний замыг тавих юм.

"Мэдээлэл холбоо сүлжээ" ХХК-ийн Улаанбаатар хотын сүлжээ ашиглалтын газрын гүйцэтгэл, хяналтын хэлтсийн дарга Н.Наранбаатар: Нийслэл хотод явган хүний замын шинэчлэхдээ Мэдээлэл, Холбооны Сүлжээ компанийн кабель татах боломжгүй хэсэг болон худаг сувагчлалын ажлыг уялдуулж гүйцэтгэхээр шийдвэрлэсэн.

Энхтайвны болон Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруугийн гудамжаар нийт 22.9 километр, дөрвөн яндантай сувагчлал, өргөтгөлийг хийж байна.

Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэлх агаарын кабелийг сувагчлах ажил өнөөдөр эхэллээ.

1962 онд хуучнаар ЗХУ-ын төлөвлөлтийн дагуу Улаанбаатар хотын агаарын кабель болон худаг сувагчлалын байгууламжийг хийсэн байдаг. Үүнээс хойш 1996 онд Франц улсын Алкател компанийн төслөөр сувагчлалыг шинэчилснээс хойш өргөтгөл хийгээгүй.

Энэ жил явган хүний замыг засварлан шинэчлэх үеэр агаарын шилэн кабелуудыг гол гол гудамжнуудад сувагчлах боломжтой боллоо.

Мэдээлэл, Холбооны Сүлжээ компани нь нийслэл хотын долоон дүүрэгт 9,600 худаг, 555 километр сувагчлалын бэлэн байдлыг хангаж ажилладаг.

Инженер техникийн 109 ажилтан зургаан чиглэлд шаардлагатай үед 24 цагаар ажиллаж байна. Кабелийг сувагчлах ажлын хүрээнд 1.1 километр авто замыг сэтлэх ажлыг давхар гүйцэтгэж байгаа юм.

“Бадрах инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Ө.Баттулга: Геологийн төв лабораториос Баруун дөрвөн зам хүртэлх авто замын хойд, урд талын нийт 27,807 м.кв явган хүний замын хавтанг чулуугаар солих ажлын гүйцэтгэл 40%-тай үргэлжилж байна. Уг ажлыг есдүгээр сарын 25-наас өмнө дуусгах гэрээтэй. Монголын чулуучдын холбооноос 3,700 м.кв чулуу авч сольж байгаа юм.

Явган хүний замыг шинэчлэхдээ 15 сантиметрийн чулуун дайрга суурь, гурван сантиметрийн багсармал дээр чулуун хавтанг суурилуулдаг.

Чулуун хавтан нь кабелийн шугамын сувагчлалыг эвдэж гэмтээхгүй.