iKon.mn сайт уншигч та бүхэндээ эрдэмтэд, олны танил хүмүүс, амжилтанд хүрсэн эрхмүүдийн уншсан номнуудаас онцлон хүргэж байгаа билээ.
Энэ нь iKon.mn сайтын хүсэлтээр мөн бидний сонголтоор эдгээр эрхэмд хандан залууст санал болгох ном болон өөрийн уншсан номнуудаас хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн номоо нэрлэн, сэтгэгдлээ бичиж өгөхийг санал болгодог булан юм гэдгийг та бүхэн анхаарна уу.
Энэ удаад “Эзэнт гүрний туульс” номын зохиогч С.Эрдэнэболдын санал болгож буй 12 номыг танилцуулж байна.
1. “Монголын нууц товчоо” Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг, 2011 он
“Монголчууд хэл соёлоо мартаж байна”. “Гадны соёлд автаж байна”. “Олон ангит кинонд толгойгоо мэдүүлж байна"... гэх халаглал, шүүмжлэл хосолсон зовнил сүүлийн үед ажиглагдах болов. “Хуулиар засахаас дутуугүй хуураар засах” нийгмийн сэтгэл зүйд үндэстнийхээ уг сурвалж, түүх бахархлыг мэдэнгээ монгол дархлаагаа ойлгож үлдэх нь хамгаас чухал.
Барууныхан бүтэн сайн бүрд библээ уншдаг шиг, муслимынхан өдөр бүр корандаа сүсэлдэг шиг бид “Монголын нууц товчоо” -гоо байнга уншиж судалж, ухаарч ойлгох хэрэгтэй байна. Нууц товчоо бол элэрсэн баларсан үеийн хүнд ойлгомжгүй хэцүү хэллэгтэй зохиол биш. Хүний мөн чанар, монгол хүний сэтгэл зүй, нарийн онцлог, бидний язгуур эрхэмлэлийг олон зуун өнцгөөр гаргаж ирсэн ном. Энэхүү шинэ хөрвүүлэг нь өдгөө бидний зүс танихгүй олон монгол үгийн сонирхолтой тайлбарыг эшлэсэн байна.
2. “Монгол хэлний товч тайлбар толь” Я.Цэвэл, 2013
Хагас зууны өмнө Я.Цэвэл гуай “Цэвэлийн ногоон” хэмээх домогт бүтээлээ хэвлүүлжээ. Улс төрийн хатуу хяналтын дор олон ч монгол үг дээрх толийн босгоор давсангүй. Соц нийгмийн үед зарим үгийг хасаж танасан байдаг. Цэвэл гүүшийн хүү Шагдарсүрэн багш аавынхаа ажлыг үргэлжлүүлж 50 мянган үгтэй болгож ногоон толийг шинэчлэн бүтээсэн юм. Энэ толийг Монголчууд биш Солонгосууд хэвлэж өгсөн. Өөрийн эх хэлнийхээ ийм сайхан бүтээлийг бусдаар хэвлүүлж байгаадаа бид ичих ёстой. Айлуудаар ховор, хуучин навсархай нэг хувь олдвол тэнгэрт тулсан үнэтэй байсан эл ном ийнхүү дахин мэндэлсэн юм. Хүн бүхэн гэртээ авч, эх хэлнийхээ дархлааг хүндэтгэн үзээрэй.
3. “Үндсэн хуулийн үзэл баримтлал” Бяраагийн Чимид, 2004
Одоо цагт улс төрчид өөр өөрийнхөөрөө, дур дураараа хуулийг тайлбарладаг болж. Тэр тусмаа Үндсэн хуулийг захын эрх зүйн боловсролгүй албан тушаалтан өөрийн зоргоор шүүмжлэх аж. “Үндсэн хуулийнхаа бүрэн нөөц чадавхийг бид чинь шавхсан бил үү?” хэмээх алдарт эшлэлийг Б.Чимид багш маань сануулсан. Чимид багшийн энэ гурван номыг төр засах, хууль тогтоох, мөн бидний үндсэн хуулийг уг гүн ухаан юунд суурилсан бэ гэдгийг мэдэхийг хүсэгч хүн бүр уншвал сайнсан.
4. “Яагаад 1937 он...?” Дэмбэрэлийн Өлзийбаатар, 2004
“Монголчуудын цахим түүх” номын бүтээгч Д.Өлзийбаатар ахын бичсэн эл бүтээл маш сайхан ном. Нийтлэлийн түүх уншиж, түүндээ түшиглэж итгэл үнэмшил олох тийм ч сүрхий хэрэг биш. Харин яг архивын факт, бодит баримтыг танин мэдэхэд энэ ном туслана.
5. “Монгол төрийн мэргэн өвөө” Ш.Сүхбаатар 2014
Ямар ч нийгмийн үед нэр сүрэндээ буртаг шингээж байгаагүй монгол төрийн цөөхөн зүтгэлтний нэг бол Жамсрангий Самбуу. АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар 18 жил, Орос, Солонгост элчин сууж байсан энэ буурал өвгөн Филатоваг айлгадаг ганц хүн нь байсан гэж байгаа. Ю.Цэдэнбал даргыг хувцасны шүүгээндээ түгжээд том толгой гаргасных нь дараа Самбуу дарга Орос тэргүүн хатагтайд хатуу сануулга өгч 24 цагийн дотор төрхөмд нь буцааж байсан түүхтэй.
Үнэхээр монголын “төрийн хар хүн” гэж ямар байх ёстойг, “харизма” ямар чухлыг, ард түмнээ бодох сэтгэл зүй, эдийн шуналгүй байх эрхэм чанар, бас бүтээлч, харилцааны гүдэс даруу байх монгол ухааныг Самбуу гуайн түүхээс харж болно.
Соц үеийн бүхнийг буруу гэж хэлэх нь хамгийн тэнэг хэрэг. Тэр үед одоо үгүйлэгдэж байгаа олон чухал зүйл, тэр дундаас хүн чанар их гэгээтэй байж. Энэнийг энэ номоос харж болно.
6. “Сувдын хэлхээ” Монголын сонгомол зохиолууд, 1995
Хааяа монгол бичгээрээ ном уншиж байх хэрэгтэй. Чадвал өдрийн тэмдэглэлээ босоо бичгээрээ бичиж занших нь чухал. Сувдын хэлхээ хэмээх энэ ном монголын уран зохиолын сор болсон шидээврүүдийг нэгэн дор багцалсан сайхан ном. Заавал унших ном.
7. “Монгол цэргийн түүхэн товчоон” БХЯ-ны ЭШХ, 1996
Монгол цэргийн түүхийн олон арван номууд сүүлийн үед гарчээ. Гэвч хүүхэд насанд минь хамгийн ойр байсан энэ номыг байнга унших дуртай. Хуудас бүр дээр нь тоо баримт, харьцуулалт, дүн шинжилгээ.
8. “Dali”, “Picassos world” 2004, 2001
Заримдаа номыг унших биш харах, мэдрэх хамгаас чухал шиг санагддаг. Херлуф Бедеструпийн шог зургийн ном айл бүрт байдаг байлаа. Харин Дали, Пакассог үе үе харж, үзэж байх их зүгээр.
9. “Рональд Рэйганы өдрийн тэмдэглэл” 2009
Америкийн түүхэнд хамгийн олон төрлийн эерэг имиж бүрдүүлсэн хүн бол Рэйган. Тэрээр хүйтэн дайнд цэг тавилцсан гол хүмүүсийн нэг. Түүний тэмдэглэлээс маш олон сонирхолтой баримтуудыг, хүний нандин харьцааг таньж болно.
10. "Ерөнхий физик, механик" Л.Дэмбэрэл, 2010
Яаж баяжих вэ? Яаж амжилтанд хүрэх вэ? ... г.м асуултанд мянга мянган янзаар хариулдаг ном, аливаа үр дүнд богино замаар хүрэх хүслийг гижигдсэн номууд ихэнхдээ бэстсэллэр болдог. Харин шинжлэх ухааны номуудыг олон хүн анзаардаггүй. Тэгвэл бидний хөх цэнхэр дэлхий, нарны аймаг, гараг эрхсийн сонин хачин, шинжлэх ухааны үй олон гайхамшигт нээлтүүдийн тухай сонирхон судална гэдэг аз жаргалтай хэрэг. Энэхүү Ерөнхий физикийн ном маш сайхан ном.
11. “Words that changed the world” 2008
Энэ ном олдохгүй байж болно. Цахим хайлтаар бичихэд л гараад ирнэ. Дотор нь байдаг дэлхийг өөрчилсөн шилдэг, түүхэн үгсийн жагсаалт бас хайлтаар гарч ирнэ. Хаанаас ч хялбар олдоно. Үгийн үнэ цэнэ, түүний түүхэн үүргийн тухай, хэрхэн яаж үг бичвэл түүхэнд үлддэг талаар эл ном өгүүлнэ.
12. “Blacks law dictionary” 2007
Хэрвээ та хуульч мэргэжилтэй бол заавал энэ номыг олж авах ёстой. Тэгээд цүнхэндээ байнга авч яв. Эргүүлж үзээд эргэцүүлж бодож байх нь бүр чухал.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!