Хөрөнгө оруулагч Уоррен Баффет өөрийн карьераа эхэлсэн цагаасаа л өдөрт олон зуун хуудас ном уншдаг байжээ.
Өнөөдөр ч тэр бүх л өдрийнхээ 80 орчим хувийг уншихад зориулдаг гэнэ.
Уоррен Баффетт нэгэн ярилцлагадаа “Миний ажилд өдөр бүр л шинэ мэдээлэл хэрэгтэй байдаг бөгөөд түүнийгээ шийдвэр гаргахад ашигладаг” ,“Би өөр хүний үзэл бодлыг уншдаггүй, харин баримтыг олж аваад дараа нь өөрөө бодож дүгнэдэг” гэж хэлжээ.
Дэлхийд алдартай тэрбумтны оюун санаанд нэвтрэхийн тулд түүний санал болгож буй номыг анхаарахгүй өнгөрч болохгүй байх. Ингээд Уоррен Баффеттийн санал болгож буй ЕСӨН номтой танилц.
"The Intelligent Investor"- Benjamin Graham
Баффет анх 19 настай байхдаа домогт эдийн засагч Бенжамин Грахамын энэхүү номын хуулбарласан хувилбарыг олж авснаа амьдралдаа тохиолдсон хамгийн азтай үйл явдлын нэг байсан хэмээн үздэг. Учир нь энэ ном түүнд хөрөнгө оруулалтын тухай суурь ойлголтыг олж авахад тусалсан гэдэг.
"Security Analysis"-Benjamin Graham
Харин Бенжамин Грахамын өөр нэгэн бүтээл болох "Security Analysis" номноос тэрээр хөрөнгө оруулалтын салбарт ажилласан 57 жилийнхээ ерөнхий дүр зураг, чиг хандлагыг олж авч байжээ. Түүний хэлснээр Грахам бол Баффетын амьдралд нөлөө үзүүлсэн хоёр дахь том хүн бөгөөд нэгт түүний эцэг байдаг гэжээ.
"Common Stocks and Uncommon Profits"- Philip Fisher
Филип Фишерийн хувьд шинэ компаниудад хэрхэн хөрөнгө оруулах талаар түлхүү бичсэн бөгөөд Грахамаас гадна Баффетын хувьд маш өндрөөр үнэлэгддэг зохиогч, хөрөнгө оруулагч ажээ. Тэрээр “Би бол Филийн хамгийн сайн уншигч. Тиймээс танд ч бас түүний номыг санал болгож байна” гэж хэлсэн байдаг.
"Stress Test: Reflections on Financial Crises" -Tim Geithner
Ямар ч менежерийн заавал унших ёстой санхүүгийн хямралын талаарх ном бол энэ гэдгийг Баффет онцолсон юм. Ихэнх номнууд байгууллагыг хэрхэн удирдах талаар зөвлөсөн байдаг бол энэ огт өөр ажээ.
"The Essays of Warren Buffett"-Warren Buffett
Баффетын бодол санаанд нэвтэрч, түүнээс суралцахыг хүсвэл өөрийнх нь эссэг унших хэрэгтэй. Тэрээр энэхүү номдоо өөрийн бодол санаа, амьдралд хандах хандлага, эрхэмлэдэг зүйлс зэргийг энгийн, тодорхой өгүүлсэн байна.
"Jack: Straight From The Gut" -Jack Welch
Баффетын тодорхойлсноор “ухаалаг, эрч хүчтэй, дадлага туршлагатай”, Блүүмбергийн тодорхойлсноор “орчин цагийн дэлхийн шилдэг менежер, хамгийн үнэ цэнэтэй зөвлөгч” Вэлчийн энэхүү номын зөвлөгөөг зүгээр л дага хэмээн Уоррен Баффет онцолсон байна.
"The Outsiders"-William Thorndike, Jr.
Беркшир Хэтэвэйгийн тухай энэ номд голлон өгүүлэх бөгөөд Том Мурфи зэрэг шилдэг бизнесмэнүүд, CEO нарын тухай мөн бичжээ. Тэрээр Том Мурфи бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн шилдэг менежер хэмээн онцолсон байна. Мөн энэхүү номыг Форбес сэтгүүлээс Америкийн хамгийн чухал бизнесийн номнуудын нэг гэж онцолсон ажээ.
"The Clash of the Cultures" -John Bogle
Жон Богл нь хоёр тэрбум долларын хөрөнгөтэй группын эзэн бөгөөд урт хугацааны хөрөнгө оруулалт нь богино хугацааны солилцоонд шахагдаж байгаа тухай энэхүү номдоо өгүүлсэн байна. Мөн тэрээр орчин үеийн хөрөнгө оруулалтын талаар сонирхолтой асуудлуудыг дэвшүүлэн тавьжээ.
"Business Adventures: Twelve Classic Tales from the World of Wall Street"-John Brooks
1991 оны үед Билл Гейтс түүнээс хамгийн дуртай номоо санал болгохыг хүсэхэд Жон Брууксын энэхүү номыг өгсөн байдаг. Амжилттай, тогтвортой бизнесийг бүтээн бий болгоход хэрэгтэй чухал зарчмуудыг сануулсан ном хэмээн Билл Гейтс үнэлсэн байдаг юм.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!