Ассадын дэглэмийг түлхэн унагасан Сирийн босогчдын удирдагчтай АНУ-ын тусгай элч өчигдөр Дамаск хотод анх удаа уулзжээ.
Энэ уулзалтын үеэр Ойрх Дорнодын асуудал хариуцсан АНУ-ын тусгай элч Барбара Лиф өөрийг нь баривчлахад тусалбал өгөхөөр олон жилийн өмнө амлаж байсан $10 саяын шагналыг цуцалж байгааг Сирийн шинэ тэргүүн Ахмед аль Шараад дуулгасан байна.
Сирийн иргэний дайны турш Абу Мохаммед аль Жолани нэр зүүж байсан Аль Шараа “террорист бүлэглэлүүдийг Сирийн дотоодод болон гадаадад аюул занал учруулахгүй байх” амлалт авсны хариуд ийм арга хэмжээ авснаа Лиф уулзалтын дараа мэдэгджээ.
Холбооны Мөрдөх Товчоо 2017 онд Аль Шарааг баривчлахад тусалсан хүнийг $10 саяар шагнах болзол зарлаж байсан юм.
Тухайн үед тэр Аль-Кайда олон улсын террорист байгууллагад харьяалагдаж байжээ.
Сирид иргэний дайн эхэлсэн 2011 оноос хойш Дамаск хотод айлчилсан АНУ-ын анхны дипломатч Лиф уулзалтын үеэр Аль Шараа “прагматик” байж, яриа хэлэлцээ “үр дүнтэй” болсныг мэдэгдсэн байна.
“Бид түүний өгсөн сайн мэдээг талархан хүлээж авлаа. Цаашдаа түүнээс зөвхөн амлалт биш, ахиц дэвшил, бодитой алхмыг хүлээх болно” гэж Лиф уулзалтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Гэхдээ Аль Шараагийн удирддаг Хаяат Тахрир аль Шам (ХТШ) зэвсэгт бүлэглэлийг АНУ террорист байгууллагын жагсаалтаасаа хасах талаар тэр ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Аль Шараа өмнө нь өөрийн бүлгийг тарааж, Сирийн армид нэгтгэх талаар ярьж байсан юм.
“Бид Сирид бүх иргэдийн тэгш эрхийг хангасан, тэр дундаа эмэгтэйчүүд, олон үндэстэн ястан, шашны төлөөллийн эрхийг хүндэтгэсэн засгийн газар байгуулах үйл явцыг бүрэн дэмжих болно” гэж Лиф мэдэгджээ.
Шийт исламын алавит урсгалын тэргүүн Башар аль Ассад нь шийт шашны төв Иран улсын гол Араб холбоотон байсан юм.
Шинэ Сири дэх Ираны нөлөөний талаар асуухад Лиф “Өнөөдрийн нөхцөл байдлаас дүгнэвэл Иран цаашдаа ямар ч үүрэг гүйцэтгэхгүй гэдэгт би итгэлтэй байна” гэж хариулжээ.
Ираны Хувьсгалт Гвард, түүний холбоотон Ливаны Хезболла байгууллага дотоод хэрэгт нь хутгалдсаны үр дүнд Сирийн ард түмэн асар их зовлон, харгислал үзсэнийг тэр энэ үеэр хэлсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!