“Өдрийн сонин”-ны 2025 оны гуравдугаар сарын 10-ны Даваа гаргийн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Хаа сайгүй л баг хуулагдаж байна” гарчигтай ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно гэдэгт итгэж байна. Хаа сайгүй л баг хуулагдаж, прагматик чиг хандлага руу дэлхий чиглэж байна. Манайд ч энэ уур амьсгал нөлөөлөх нь ойлгомжтой.
Засгийн газар “Кока кола, “Юнител” эсвэл “Скай резорт”, “Шангрила”-гийн түрээсийн асуудалд орооцолдоод байгаа зүйл огт биш, стратегийн орд хуулийн дагуу очсон эсэхийг л нягталж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа Эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгуульд сонгогдсон. Хувь хүнийх нь философи ч энэ үзэл санаа байдаг. Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа.
Хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан дарга нар хувийн компанид ажиллах нь хувь хүний сонголт боловч цаашид анхаарах л ёстой асуудал. Төр тэднийг анхаараагүй орхичихдог нь бас алдаа гэж боддог.
“MCS” гэдэг компанитай санал зөрөөд байгаа зүйл юу ч байхгүй. Ганцхан стратегийн орд тойрсон асуудал л байна. УИХ-аар маргаантай асуудлуудыг оруулаад цаг алдалгүй шийдэл гаргах нь зүйтэй гэсэн зарчмын байр суурь юм.
Том хэмжээний улс төрийн мэтгэлцээн өрнөх нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замаар холбогдож, их овроор нүүрс зөөх нь өөрсдөд нь ашиггүй гэж үзсэн Баяннуурын хэдэн компани, тэдэнтэй холбоотой тээвэрт оролцсон улстөрчдөд үүлэн чөлөөний нар болж хувирсан. Гэхдээ Тавантолгойг бүхэлд нь авах санаархал тухайн үед биелээгүй нь ёстой л Монголын заяа.
Уг нь 2004 онд зүгээр л хоёр улсын Засгийн газар хоорондоо гэрээ байгуулаад, Тавантолгойн нүүрсээрээ төмөр замын тал өртгөө төлнө гээд явсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн аль эрт 10 мянган ам.долларт хүрчих байлаа. Утаа, түгжрэл л лав өнөөдрийн асуудал биш байх байсан. Орон сууцны асуудал ч бүрэн шийдвэрлэгдсэн байх боломжоо алдсан. Алдагдсан боломжийн өртөг гэдэг энэ л дээ. Одоо ирээдүйд боломж алдахгүйн тулд л өнөөдөр шазайгаад байгаа ухаантай.
Үнэхээр үнэн бол би үнэн л гэчихнэ. Бид хоёр хамт кофе ч ууж үзээгүй хүмүүс. Надаас болж нэг хүнийг хэлмэгдүүлж гүйцэж байх шиг байна. Үгүй шүү дээ гэж хэлдэг юм. Сүүлдээ үгүй ээ гээд байхад хүчээр наагаад байхаар бүр хамт кофе уучихмаар санагдаад байгаа шүү дээ.
Х.Баттулга гэж хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй зүйл олон бий. Баялгийн тухай сэдэв дээр нийтлэг зүйл ч бий. Парламентын ардчиллын зарчмууд дээр дайсагнах хэмжээнд очсон зүйлс ч байдаг. Манай Б.Баатартай холбоотойгоор харддаг нь ойлгомжтой. Мань хүн ч өөрөө бас домог томтой юм. Гэхдээ бодит байдал дээр АН-ын мань хүнд дургүй хэсэг холбоотой болж харагдуулах гэж баахан хичээгээд, сүүлдээ өөрсдөө ч итгээд үнэн бол яана аа гээд байгаа зүйлс нь домгийн дийлэнх хэсэг шүү. Үнэндээ мань хүнийг Ерөнхийлөгч байх үед хойд талын хар овоохой гэдэг шиг Нямбаа бид хоёр л сөрж зогсдог байсан байх. .
Ийм зохиомол мэдээллүүд хэдэн нөхрөөс л явдаг юм даа. Ардчилсан нийгэмд байх л зүйл гэж бодоод нэг их тоодоггүй. Ер нь яахав,
Оюутан байхдаа Бэрхийн тамгын газарт жижүүр хийж байсан гэж дээр нэг ярьж байсан юм. тэрийг л мушгиж байгаа ухаантай. Ардчилсан хувьсгалын удирдагч өөрөөсөө нэг үе мултарсан бацааныг нийгмийн гарал үүслээр ялгаварлах гээд ч яах юм. Энэ стратегийн ордуудын хууль бус үйлдлүүд мань хүний л бүрэн эрхийн үед гарсан. Хүний эрх хамгийн их ярьдаг ч хамгийн аймшигтай хэлмэгдүүлэлт мань хүний л үед болсон. Ардчилсан зарчим ярьдаг ч өрсөлдөгч намаа тэг дундуур нь хувааж, намын даргынх нь төрсөн өдрөөр шүүхэд бүртгээд л…
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, ХҮН намын дарга Доржханд, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Г.Занданшатар дарга бидний хувьд түүхэн хариуцлагын нэг завинд сууцгаасан улстөрчид болсон. Олон улсын геополитикийн энэхүү савлагаа, том төслүүд улстөржин гацсан цаг хугацаа, ардчилсан парламентын засаглал, намуудын төлөвшил зэрэг олон зүйлийг харгалзан энэхүү өөрчлөлтийг хийхээр зориглосон. Энэ өөрчлөлт зөв байсан эсэхийг хожим цаг хугацаа түүхийн хатуу шүүлтүүрээр шүүнэ. тиймээс маш том хариуцлага. Нэг үгээр хэлбэл, бид ийм том агуулгаар хамтарсан Засгийн газар байгуулсан. Угаасаа цаашид дандаа л хамтарсан Засгийн газар байгуулах тогтолцоог сонгосон гэсэн үг.
Улс төрд шинэ салхи оруулах гэж нийгмийн төлөөллийг оруулсан. Жагсаалтыг эрэгтэй, эмэгтэй хүйсээр 1:1 харьцаагаар хийх гэж бас л нэлээд зүйл өрнөсөн. Үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж шинэ тогтолцоо тодорхой хэмжээнд хордлого өгөх зүйл байлгүй яахав. Том зургаараа шинэ парламент эхний намрын чуулганаараа гацсан томоохон төслүүдээ ихэнхийг нь хөдөлгөж чадлаа. Гол үр дүн энэ шүү дээ. Бусад зүйл тэгээд цагийн аясаар өөрчлөгдөнө.
Одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирээд шүүх дээрээ учраа олчих хэрэгтэй дээ. Өөрөө ирэхгүй бол хөөгдөж ирж ч магадгүй нөхцөл үүсэж байх шиг байна шүү. Д.Эрдэнэбилэг ч Сингапурт сонгуулийн дүн харж зөндөө л удах шиг боллоо. Эрдэнэт үйлдвэрийг буцаах санаархал нь хэзээ ч биелэхгүй. Одоо харин тооцоогоо дуусгах нь зүйтэй.
. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг.
Ер нь монголчууд бид хөрш оронтойгоо ойлголцож чадахгүй бол хэнтэй ч ойлголцож чадахгүй. Мэдээж ардчилсан улс гэдгээр барууны улс орнуудын жишээг улс төрд ярих дуртай байдаг. Гэхдээ бид мөнхийн хөрш орнуудаа илүүтэй ойлгох учиртай. Энэ утгаараа ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх гурван улсын төслүүд болох хийн хоолойн төсөл, төмөр замын баруун зүүн корридорын төсөл Засгийн газрын дараагийн гол фокус байх болно.
Улс төрд бол муужгайнууд гэдэг. Хов зөөгчдийг хэлдэг юм.
Сүүлийн 30 жилд Монголын төрд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээс хувь хүмүүсийнхээ дунд бидэн шиг ойр байж ирсэн хүмүүс гэвэл үнэндээ байхгүй байх. Энэ олон улсын эгзэгтэй үед маш сайн ойлголцдог Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, хөгжлийн төлөө мөрөөдөлтэй улс төрийн намуудын дарга нартай энэ цаг үед хамтран ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Мэдээж хуулиар хүлээсэн чиг үүрэг тусдаа байх нь ардчилсан улсын эрх мэдлийн салангид байдал. Үүнд хүндэтгэлтэй хандах л асуудал. Бидний хэн хэн нь албан тушаал бол цаг хугацаатай харин анд нөхөрлөл амьдралын туршид үргэлжлэх мөн чанартайг мэднэ. Хожмын өдөр нэг нь нөгөөгөө орчлонгийн их хүрдэнд гаргаж өгдөг хүмүүний заяаг бүгд л туулна. Ер нь бид гурвын хэн нь ч нэгнийхээ дурсамжийн номд нөгөөгийнхөө тухай бичих улсууд шүү дээ.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд он солигдохоос өмнө жилийн төлөвлөгөөгөө цаасан дээр буулгадаг. Саяын шинэ жилээр дэлхийд төрт улс үүссэн орнууд, шашин бүрэлдсэн газар бас хүн төрөлхтний бий болгосон гайхамшигт газруудтай танилцаж, ном болгож бичих ёстой юм байна гэж эхнэртэйгээ ярилцаж байлаа. Аяллын тухай ном гэх үү дээ.
Дарма Батбаяр багшийгаа хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очих үед багш маань “Шүлгийн номоо заавал гаргаарай. Хэрэв чи ичээд байдаг юм бол хоёрхон хувь гаргаад нэгийг нь өөртөө, нөгөөг нь надад өгөөрэй” гэж байсан. Багшдаа амласан ийм өр бас байдаг аа, надад.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах урилгыг хүргүүлж байгаа. Олон улсын жишиг. Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар М.Энхболд даргатай хамтран ажиллаж байгаа.
Ерөнхий сайд бол ерөнхий мишок юм. Хүн бүр л нүддэг. Өөр бас хэнийгээ ч шүүмжлэх билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!