Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-гийн супер од Стеф Көрри Хойд Каролинагийн Дэвидсон их сургуулиас лигт хөл тавьсан тоглогч.
Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт 37 нас хүрсэн америк эр их сургуулийнхаа сагсан бөмбөгийн багийн туслах менежер болжээ. Ингэснээр АНУ-ын мэргэжлийн спортын түүхэнд тамирчин байхдаа оюутны лигийн удирдах албанд очсон анхны тоглогч болж байна.
Тэрбээр 2006-2009 оны хооронд Дэвидсоны их сургуульд суралцсан түүхтэй. Харин одоо ерөнхий менежер Аустин Бунцын удирдлага дор ажиллах бөгөөд тус сургуулийн эрэгтэй, эмэгтэй багийн тамирчидтай ажиллахаар төлөвлөж байгаа аж.
С.Көрри тус сургуульд гурван жил суралцсаныхаа дараа 2009 оны NBA-гийн драфтад нэрээ дэвшүүлж, №7-гоор "Голден Стэйт Уорриорс" багт очиж байв. Хожим их сургуульдаа дахин суралцаж, 2022 онд төгсжээ.
Сонирхуулахад NBA-гийн түүхэнд хамгийн олон удаа гурвын шидэлтийг амжилттай гүйцэтгэсэн рекорд эзэмшдэг (3,998) С.Көрри хоёр удаа холын шидэлтээ амжилттай болговол лигийн түүхэнд анх удаа 4,000 удаа гурваас оруулсан тоглогч болох юм.
2005 онд алдарт Рижжи Миллер тамирчны замналаа өндөрлүүлэхдээ 2,560 удаа холын шидэлтийг амжилттай гүйцэтгэснээр дээд амжилтыг эзэмшиж байлаа. Үүнээс зургаан жилийн дараа Рэй Аллен түүний дээд амжилтыг давж, 2014 онд зодог тайлах хүртлээ дээрх тоог 2,973 хүргэсэн юм.
Тэдний амжилтыг С.Көрри 2021 оны арванхоёрдугаар сард шинэчилж, улмаар 3,000 давсан анхны тоглогч болсон билээ.
Эх сурвалж: ESPN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!