Зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат болон Эрдэнэцагаан суманд гарсан түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Бусад нутагт гарсан түймрийг бүрэн унтраасан байна.
Өчигдөр Онцгой байдлын газарт Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад түймрийн дуудлага мэдээлэл ирсэн ба түймрийг унтраажээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар зүүн аймгуудад гарсан түймрийн хохирлыг барагдуулах, түймэрт өртсөн иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийн ажлыг газар дээр нь зохион байгуулахаар хоёр ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллахаар замдаа гарсан байна.
Нэн тэргүүнд түймэрт өртсөн иргэдэд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн хамгааллын чиглэлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх юм аж. Мөн улсын нөөцөөс түймэрт өртсөн иргэдэд гэр олгохоор, гэр ачсан цуваа зүүн гурван аймагт ажиллах юм байна.
Өнөөдрийн цаг агаарын мэдээгээр зүүн аймгуудад салхитай, Сүхбаатар аймгийн төв дээр бага зэргийн хур тунадас орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!