• 6 сарын 14, Бямба

Мексикийн нийслэл хотын захирагчийн зөвлөх, нарийн бичгийн дарга нарыг гудамжинд буудан хөнөөжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Мексик улсын нийслэл Мехико хотын захирагчийн хувийн нарийн бичгийн дарга болон зөвлөхийг өчигдөр гудамжаар автомашинтай зорчиж явах үеэр мотоциклтэй хүмүүс буудан хөнөөжээ.

Нийслэлийн дагуул хот Модернад болсон халдлагын үеэр Химена Гузман, Хосе Мунос нар алагдсаныг захирагч Клара Бругада мэдээлсэн байна.

Мехико хотын захирагчаар ажиллаж байсан Клауди Шэйнбаум өнгөрсөн онд Мексик улсын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний холбоотон Бругада халааг нь авсан юм.

Одоогоор аллагыг ямар зорилгоор үйлдсэн, хэн үйлдсэнийг тогтоож чадаагүй байгааг Мексикийн аюулаас хамгаалах албаныхан мэдээлжээ.

Нийслэлийн прокурорын газар хохирогчид нэг автомашинаар ажилдаа явж байх үед халдлага гарсныг мэдээлсэн байна.

зураг
 

Захирагч Бругада хамтрагчдаа алдсаны улмаас “гүн цочролд” орсноо илэрхийлээд Гузманыг гайхалтай эмэгтэй, Муносыг өөрийнх нь мэдэх хамгийн ухаантай хүмүүсийн нэг байсныг дурсжээ.

Ерөнхийлөгч Шэйнбаум өчигдөр өглөө болсон хэвлэлийн хурлын үеэр хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, мөрдөн шалгах ажилд бүх талын тусламж дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

“Бид энэ хэргийг эцсийг нь хүртэл шалгаж, шударга ёсыг тогтоох болно” гэж тэр хэлжээ.

Мексик бол улс төрийн зорилготой аллагын тоогоор дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг. Өнгөрсөн онд ийм аллагын тоо түүхэн дээд хэмжээндээ хүрч, 661 тохиолдол бүртгэгдсэнийг Data Civica байгууллагын тайланд дурдсан байдаг.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт тус улсын Веракруз мужийн нэг хотын даргын сонгуульд өрсөлдөгч кампанит ажлынхаа үеэр гурван хүний хамт буудуулж алагдсан юм.

 

Эх сурвалж: CNN