Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан бөгөөд 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлж байна.
Энэ тухай Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад нийт Улаанбаатар хотод 1,854, улсын хэмжээнд 4,106 иргэн бүртгүүлсэн.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд нийтдээ ажлын дөрвөн өдөр үргэлжилнэ. Өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн.
Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Бидний зүгээс шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэхийг үргэлж анхааруулдаг. Учир нь хоцорсон тохиолдолд тухайн улирлынхаа дараагийн ээлжид дахин өгөх боломжгүй болдог. Иймээс хариуцлагатай байхыг шалгалт өгч буй иргэддээ анхааруулж байна” гэв.
Харин энэ жилийн эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,681 иргэн бүртгэгдсэнээс 1,195 иргэн шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 625 (52%), монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 531 (44%), дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 504 иргэн тус тус тэнцэж, 504 иргэн буюу 42.2 хувь нь нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|