Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

Р.Эрдэнэбүрэн: Туулын хурдны зам, тойрог зам хоёр хийгдвэл түгжрэл 50 хүртэл хувиар буурах тооцоолол гарсан

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар 

  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
  • Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар
  • “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
  • “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцж, танилцжээ. 

Гарсан шийдвэрийг 20 минутын хот үндэсний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэн танилцуулав.

Тэрбээр "Гэр хорооллын дахин төлөвлөлт, түгжрэлийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барих чиглэл авсан. 

Түгжрэлийг бууруулахын тулд төлөвлөлтөө сайн хийх ёстой гэж үзсэн. Олон жил яригдсан 2040 хэмээх хот төлөвлөлтийнхөө асуудлыг УИХ-д өргөн барьсан. УИХ хэлэлцэж байна. Мөн 2040-өө Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуультай хамтад нь уялдаатай хэлэлцүүлэх үүднээс үйлчилж эхлэх хугацааг нь нэг жилээр хойшлуулсан. Төлөвлөлтөө уялдаатай сайн хийвэл дараагийн хөрөнгө оруулалт, зураг төслүүд яригдах боломжтой болно" гэв. 

Мөн сайд Р.Эрдэнэбүрэн "Туулын хурдны замын тендерийг зургаадугаар сарын 19-нд нээнэ. Энэ ажилд ямар нэг гацаа саад гарахгүй бол 22 сар хийгдэнэ. Түгжрэл бол нэг зуны дотор шийдчих асуудал биш. Туулын хурдны зам, тойрог зам хоёр хийгдвэл бидний гаргасан тооцооллоор түгжрэл 50 хүртэл хувиар буурна. Иймд энэ хоёр том төслөө хэрхэн хурдан хугацаанд хийх вэ гэдэгт Засгийн газар анхаарч байгаа" гэлээ.

Шууд үзэх:
https://www.facebook.com/100064382633728/videos/573145695411572