Уншиж байна ...

Хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг олж авсан гэх хэрэгт холбогдогчийг батлан даалтад гаргажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
Өчигдөр 12 цаг 54 минут
IKON.MN
Зураг зураг

MCS группийн нэр бүхий албан тушаалтыг хуулийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий хүнийг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргах шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргажээ. 

Энэ хэргийн талаар Хууль зүйн сайд О.Алтангэрэл "Хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг олж авсан" хэмээн мэдээлж байсан юм.

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан албан ёсны мэдээлэлд "Өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж гэсэн хоёр оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр Эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэсэн байна. 

Хууль зүйн сайдын мэдээллийг эргэн сануулбал, "Монгол төр, хууль хяналтын байгууллага хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Монгол хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор энэ ажиллагааг явуулдаг. Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн нууцыг хууль бусаар олж авсан.

Өөрөөр хэлбэл, хувийн аж ахуйн нэгж дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэдэг зүйл яригдаж байна. Энэ асуудалд тодорхой этгээдүүд сэжиглэгдэн шалгагдаж байгаа. Монгол Улсад ямар ч мөнгөтэй, том байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй, гүйцэтгэх ажиллагааны тусгай төхөөрөмж ашиглаж болохгүй.

Төрмандах гэдэг хүн шалгагдаж байгаа гэдэг мэдээлэл бий. Хэдэн хүн, ямар асуудалд холбогдсон нь төрийн нууцтай холбоотой учир мэдээлэх боломжгүй" хэмээж байв.