Уншиж байна ...

"Богино хугацаанд олон хүний эд хөрөнгө, амь насанд аюул учруулдаг тул гал гарч болзошгүй жижиг гэлтгүй зүйлийг онцгойлон анхаарна уу"

Б.Бадамгарав, IKon.mn
Өчигдөр 12 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч, ихээхэн талбайг хамарч буйн улмаас олон айл өрхийн гэр, мал өртөж байна.

Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-аас энэ жил зүүн гурван аймагт цас нимгэн байгаа, хаврыг хуурайшилт эрт эхэлнэ гэх мэдээллийг аваад байсан тул бэлтгэлээ тодорхой түвшинд хангаад байснаа өнөөдрийн мэдээлэлдээ тодотгож байлаа. 

Тодруулбал "Улсын Онцгой Комисс(УОК)-ын даргын албан даалгаврын дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд түймэр унтраах тоног төхөөрөмж, хүн хүчний бэлтгэл бэлэн байдлыг тодорхой түвшинд хангаж байсан. 

Зүүн гурван аймгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувьд хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, автомашин, техник хэрэгслийг хангалттай хэмжээнд бэлтгэсэн. ОБЕГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг хоёрдугаар сард зүүн гурван аймагт ажиллах үедээ Дорнод, Сүхбаатар аймгийн онцгой байдлын газруудад туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн" хэмээн ОБЕГ-ыг Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр хэлсэн юм.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр гуравдугаар сарын 11, 12-нд зүүн аймгуудад хур тунадас орох төлөвтэй байгаа. Харин энэхүү хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж, түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор УЦУОШТ-ийн дарга Х.Энхбаяраар ахлуулсан Шарга бороо-2 экспедиц Сүхбаатар аймгийн Асгат, Сүхбаатар, Баяндэлгэр сумдад үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээ авч байна. Үргэлжлүүлэн тус экспедиц цурамд асаж буй түймрийн голомт буюу Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд үүлэнд зориудаар нөлөөлөхөөр төлөвлөжээ.

Хурандаа Ц.Нямбаяр түймрийн эрсдэлтэй бусад бүсийн талаар "Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна. Эдгээр аймагт түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх арга хэмжээг шат шатандаа зохион байгуулж байгаа.

Монгол оронд намар, хаврын хуурайшилттай үед гарсан түймэр богино хугацаанд их талбайг хамардаг онцлогтой. Өчигдөр мэдээлэл өгөхдөө хэлж байсанчлан салхины хурд 6-18 метр секунд хүрч байгаа ийм тохиолдолд түймэр унтраахад алба хаагчдын амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдал өндөр эрсдэлд ордог. Зарим тохиолдолд онцгой байдлын алба хаагчид салхины урд, түймэрт өртөж болзошгүй байгаа айл өрхүүдийг түймрээс гаргаж, нүүлгэж байна. 

18 метр секунд орчим салхилж байгаа газарт түймэр унтраах ажлыг хүний оролцоотойгоор зохион байгуулах нь маш өндөр эрсдэлтэй байдаг. Түймэр нь салхины хүчээс шууд хамаарч, нөхцөл байдал нь хүндэрдэг.

Иймээс хөдөө орон нутагт зорчиж буй, амьдарч буй иргэд хаврын хуурайшилтын үед гал түймрийн аюул гарч болзошгүй жижиг гэлтгүй зүйлүүдэд онцгойлон сонор сэрэмжтэй байцгаана уу. Үр хүүхэд, хамт олон, ойр тойрны хүмүүстээ гал түймрийн аюул нь ямар богино хугацаанд маш олон хүний амьжиргаа, насаараа хөдөлмөрлөсөн хөрөнгийг нь үгүй хийж, амь насанд нь аюул учруулдаг гэдгийг байнга сануулж, анхаарч, болгоомжтой байгаасай" гэлээ.