Уншиж байна ...

"Улаанбурханы вакцин хийлгээгүй иргэд товлолт насанд хүрээгүй хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг эрсдэлд оруулж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс иргэдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг хүслээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улаанбурхан өвчин нь халдварлалтын зэргээрээ өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин бөгөөд вирусийн гаралтай, хүнээс агаар дуслын замаар халдварладаг. Энэхүү өвчнөөс сэргийлэх зорилгоор Монгол Улсад дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 

  • есөн сартайд
  • хоёр настайд дархлаажуулдаг.

Энэ хоёр тунд бүрэн хамрагдсанаар тухайн халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой. 

Улаанбурханы халдварт хэн хамгийн их өртдөг вэ гэхээр дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл аль нэг тунгаа хийлгээгүй бол эрсдэлтэй байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхдээ есөн сартайд болон хоёр настайд вакцин хийлгэх ёстой. Хэрэв ямар нэг шалтгаанаар хоцорсон бол сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж 15 хүртэлх настай хүүхдээ нөхөн дархлаажуулж болно.

Мөн халдвар батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болсон, голомтод хамт байсан бол 72 цагийн дотор дархлаажуулалтад хамрагдах ёстой. Ингэснээр өвчлөх эрсдэл буурна. 

Дархлаажуулалт нь бүх шатны эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулагддаг бөгөөд товлолын дагуух дархлаажуулалт учраас харьяалал харгалздаггүй хийдэг онцлогтой. 

Дэгдэлт гарснаас хойш дархлаажуулалтыг эрчимжүүлсэн ч зарим хүн ямар нэг шалтгаанаар вакциндаа хамрагдахгүй байгаа нь товлолын дагуух нас болоогүй, эрүүл мэндийн шалтгаантай, эсрэг заалттай хүмүүсийг эрсдэлд оруулж байгаа. Иймд вакцинд хамрагдах насны хоцорсон хүмүүст дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалъя" гэлээ.