Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны гуравдугаар сарын 9-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж буй.
Энэ үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгууллаа.
Уг хөтөлбөрт тэнцсэн монгол оюутнууд Чехийн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад суралцах агаад хоёр улсын дээд боловсролын сургалтын байгууллага хоорондын солилцоогоор бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнуудыг богино хугацаатайгаар илгээж байхаар болов.
Талууд хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр монгол, чех хэл, уран зохиолын зуны сургалтад хамрагдах гурван судлаачдад харилцан тэтгэлэг олгодог байсан туршлагыг сайшаан уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Мөн хоёр улсын дээд боловсролын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад монгол хэл, уран зохиолын болон чех хэл, уран зохиолын нэг багшийг харилцан илгээх асуудлыг судлан үзэх аж.
Түүнчлэн хэлэлцээрийн хүрээнд богино хугацаагаар солилцох багш нарын тоо хоёр байсныг тав болгон, солилцооны хугацаа хоёр сар байсныг таван сар болгон нэмэгдүүллээ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит оюутан, залуучуудын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2023 оны дөрөвдүгээр сард Чех улсын Боловсрол, залуучууд, спорт, аялал жуулчлалын яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Эх сурвалж: Боловсролын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!