Нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэр дэх зам, талбайн цасыг цэвэрлэх ажил үргэлжилж байна.
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхэлж, дүүргүүд цас цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлыг хариуцдаг болсон юм. Дүүргүүдээс ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдөр 08:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага 22 техник хэрэгсэлтэйгээр 245 хүний бүрэлдэхүүнтэй өглөөний 06:00 цагаас эхлэн гудамж, зам талбайг цэвэрлэж, авто замын өгсүүр уруу, тойрог хэсгүүдэд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 30 тонн давс цацжээ.
Сонгинохайрхан дүүргийн нийтийн эзэмшлийн нийт 643,872 ам метр зам талбайг зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 8 байгууллагын 309 зам талбайн үйлчлэгч 33 тусгай зориулалтын техник, 15 гар төхөөрөмж, цас үлээгчтэйгээр цэвэрлэж, 19.5 тонн давс, 19.5 тонн бодис, 20 тонн дайрга цацаж, 278.5 тонн давс, 283.2 тонн бодис, 82 тонн дайргын үлдэгдэлтэй байна.
Сүхбаатар дүүрэгт 370,000 ам.метр зам талбайд цэвэрлэгээ, үйлчилгээний 4 байгууллагын 119 талбайн үйлчлэгч 5 техник хэрэгсэл, 16 цас үлээгч төхөөрөмж ашиглан авто болон явган замын цэвэрлэгээг хийж, зам талбайд 16 тонн бодис цацжээ. Өнөөдрийн байдлаар 154 тонн давс, 163 тонн бодис, 10 метр.куб дайргын нөөцтэй.
“Налайх Тохижилт Үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй тусгай 3 техник, зам шүүрдэгч 2 гар төхөөрөмжөөр 280,000 ам.метр авто зам болон явган зам, замын нуухны цасыг цэвэрлэж байна. Хог тээврийн үйлчилгээнд 10 машин, 23 ачигч, 10 жолооч ажиллаж байгаа бол 8 тонн давс, 5.5 тонн бодис, 48 метр.куб хайрга, элсний үлдэгдэлтэй цэвэрлэгээ үргэлжилж байна.
Налайх дүүрэгт халтиргаа гулгаа үүссэн зам байхгүй, зорчих хэсэг хэвийн. Гордок, Тэрэлжийн орчим цас ороогүй.
Чингэлтэй дүүрэгт зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 2 байгууллагын нийт 140 зам талбайн үйлчлэгч, 13 жолооч, тусгай зориулалтын 13 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан бүсийн авто замын зорчих хэсгийн халтиргаа гулгааг арилган ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд нийт 81 тонн тусгай зориулалтын бодис цацан ажиллаж байгаа бөгөөд эцсийн үлдэгдэл 1579.5 тонн бодис, 486 метр.куб дайргын нөөцтэй.
Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцагч 196 хүний бүрэлдэхүүнтэй, 16 машин, 9 механизм, 39 бичил гар төхөөрөмжтэй, авто замын зорчих хэсэг болон явган замын цас, мөсний цэвэрлэгээг тогтмол хийж, долоон тонн давс, гурван тонн бодисыг мөс хайлуулах зориулалтаар цацан ажиллаж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 342 тонн бодис, 171 метр.куб дайргын үлдэгдэлтэй.
Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан 13 байгууллага тусгай зориулалтын 25 машин, техник хэрэгсэл, 12 ширхэг үлээгч төхөөрөмж, 210 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр авто замуудын зорчих хэсэгт давс, бодис цацаж, явган хүний замын цасыг үлээж цэвэрлэлээ. Дүүргийн хэмжээнд нийт 13 тонн давс, 11 тонн бодис зарцуулж, 1,076 тонн давс, 353 тонн бодисын нөөцтэй байгааг мэдээлэв.
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай салхины хурд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!