Уншиж байна ...

Их Долоогийн уулзалтаас Оросын эсрэг “үг хэллэг” гаргахгүйгээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өнөөдөр 10 цаг 28 минут
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Канадад зохион байгуулагдах Их Долоогийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаас Оросын эсрэг “үг хэллэг” бүхий мэдэгдэл гаргахад хориг тавихаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өчигдөр амлажээ.

Тэрбээр өчигдөр Украины төлөөлөгчидтэй уулзахаар Саудын Арабын Жедда хот руу нисэх замдаа сэтгүүлчидтэй уулзах үеэр “Бид хоёр талыг хэлэлцээний ширээний ард суулгах манай зорилготой зөрчилдөх утгатай аливаа бичиг баримтад гарын үсэг зурахгүй. Энэ нь хэн нэгний талд орох тухай биш. Сөрөг агуулгатай үг хэллэг заримдаа талуудыг ширээний ард суулгахад саад учруулдаг” гэж хэлсэн байна.

Рубио ингэхдээ Их Долоогийн гишүүн бусад улсууд энэ тал дээр өөр байр суурьтай байгааг хүлээн зөвшөөрчээ.

“Одоогоор ийм яриа хэлэлцээг явуулах боломжтой цорын ганц улс нь бид л байна” гэж тэр АНУ-ын сондгой байр суурийг зөвтгөсөн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөсөө хойш богино хугацаанд Вашингтоны уламжлалт гадаад бодлогыг эрс өөрчлөөд байгаа.

Өнгөрсөн сард Оросын эрх баригчдад Украины нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй гаргахыг шаардсан утгатай тогтоолыг НҮБ батлахад АНУ ганцаараа холбоотнуудынхаа эсрэг санал өгсөн юм.

Цагаан ордонд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй ширүүн уур амьсгалд уулзсан Трамп хэдхэн хоногийн дараа тус улсад АНУ-ын зүгээс үзүүлдэг зэр зэвсгийн тусламжийг зогсоож, бас тагнуулын мэдээллээр хангахаа зогсоосон.

Лхагва гарагт Канадын Квебек мужийн Шарлевуа хотод Их Долоогийн гадаад хэргийн сайд нар уулзах юм. Энэ бүлэгт АНУ-аас гадна Канад, Япон, Герман, Их Британи, Франц, Итали улсууд багтдаг.

Трампын засаг захиргаа АНУ-ын хойд хөрш Канадын эсрэг худалдааны дайн зарлаж, тус улсыг 51 дэх мужаа болгох тухай тоглоом шоглоомоор ярьж байгаа цаг үед дээрх уулзалт зохион байгуулагдаж байна.

Рубио энэ уулзалтын үеэр Канадын гадаад хэргийн сайд Мелани Жолитой уулзаж, хоёр улсын хооронд үүссэн хурцадмал байдлыг хөндөх төлөвтэй байгаа.

“Бидний зорилго бол өнөөдрийн санал нийлэхгүй байгаа зүйлс хамтын ажиллагаанд бүхэлд нь нөлөөлөхөөс сэргийлэх явдал юм” гэж Рубио энэ уулзалтын талаар хэлжээ.

 

Эх сурвалж: AFP