Өнгөрсөн сард Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг “муухай харагдуулах” гол үүргийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс гүйцэтгэсэн.
Тэгвэл Украины талд Оросын эсрэг гурван жилийн турш сайн дурын үндсэн дээр тулалдаж буй түүний үеэл Нэйт Вэнс дэд ерөнхийлөгч хамаатнаа шүүмжилжээ.
Жэй Ди Вэнсийг шүүмжлэхдээ тэр “Улс төрийн удирдагчдаас, ялангуяа тэднийг камерын өмнө байхад нь тодорхой хэмжээний эелдэг боловсон зан төлөв харагдах ёстой” гэж BBC сувагт ярьсан байна.
Нэйт Вэнс өмнө нь бас хэвлэлд ярихдаа Трамп, Жэй Ди Вэнс нарыг Путиний сонирхолд үйлчилж буй “ашигтай тэнэгүүд” (useful idiots) мэт аашилж байгааг шүүмжилж байсан юм.
“Useful idiot” гэдэг нь өөрийн мэдэлгүй эрсэг талдаа ашиглагдаж буй этгээдийг хэлдэг нэр томьёо.
Нэйт Вэнс өчигдөр BBC сувгийн PM хөтөлбөрт видео холбоогоор оролцохдоо “Хэдийгээр би өөрөө Украины асуудалд оролцож буй хүн боловч өөр хамааралгүй сэдэв дээр ч байсан Цагаан ордонд албан тушаалтнууд, сэтгүүлчид гадаадын төрийн тэргүүнийг нийлээд доромжилж байвал “ямар чөтгөр нь болоод байна аа” гэж хэлэх байсан” гэж ярьжээ.
Цагаан ордонд болсон уулзалтын үеэр Украины ерөнхийлөгчийг АНУ-д үзүүлсэн тусламж дэмжлэгийнх нь төлөө талархал илэрхийлээгүй хэмээн Жэй Ди Вэнс шүүмжилж байсан юм.
Нэйт энэ асуудал дээр үеэлтэйгээ санал нийлэхгүй байгаагаа “Зеленский өдөр тутмын мэдэгдэлдээ Украиныг дэмжиж буй бүгдэд талархлаа илэрхийлдэг” гэсэн үгээр илэрхийлжээ.
Цагаан ордны уулзалтын үеэр нэг сэтгүүлч Зеленскийгээс яагаад албаны хослол өмсөлгүй ирснийг нь сонирхон асууж байв.
Дайны турш Зеленский фронтын шугамд тулалдаж буй дайчидтайгаа сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа харуулахын тулд үргэлж цэргийн хэв маягтай хувцаслаж байгааг дэлхий нийтээрээ мэддэг.
“Тэр яагаад ингэж хувцасладгийг бүгд мэддэг. Энэ бол бэлгэдлийн чанартай зүйл. Тиймээс энэ хэнд хамаатай юм бэ? Шал утгагүй асуулт. Тэгж ярих юм бол Илон Маск яагаад Цагаан ордонд дандаа бэйсболын малгай, богино ханцуйтай цамц өмсдөг юм бэ” гэж Нэйт Вэнс ярьжээ.
Өчигдөр бас Францын “Le Figaro” сонинд ярилцлага өгөхдөө Нэйт үеэлээ “ухаалаг, сайн залуу” боловч Зеленскийтэй хийсэн уулзалт нь “итгэл үнэмшил муутай урхи” байсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр бүх амьдралынхаа турш Бүгд Найрамдах намыг дэмжиж ирсэн хэдий ч Трампын засаг захиргааны “дэлхийгээс тусгаарлах” гадаад бодлогод харамсаж байгаагаа илэрхийлжээ.
“Хамгийн сүүлд бид тусдаа замаар явах шийдвэр гаргахад үр дүнд нь дэлхийн нэг ба хоёрдугаар дайнууд дэгдэж байсныг мартаж болохгүй” гэж Нэйт хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!