Уншиж байна ...

"Арьс ширний үйлдвэрүүд хоёр жилийн дотор хотоос нүүж дуусахаар Харгиа цэвэрлэх байгууламжийг татан буулгана"

Д.Янжиндулам, ikon.mn
6 цаг 16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт рүү нүүлгэхээр болоод буй. Үйлдвэрүүдийг хэзээ нүүлгэх талаар албаны хүн мэдээлэл өгөв.

НИТХ-ын төлөөлөгч, "Эмээлт эко АҮП" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмар "Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооноос арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх ажил эхэлсэн. Тус хороонд 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр үйлдвэр Эмээлт эко паркт газар авах ажлаа эхлүүлсэн. Эхний дөрвөн үйлдвэр газраа авч, үйлдвэрийн барилгын зураг төслийг хийж байна.

Арьс ширний үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс нүүлгэн шилжүүлсний дараа бохирдсон хөрсийг ариутгаж цэвэрлэнэ, дахин төлөвлөлтийн зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институтээс боловсруулж дуусаж байгаа юм. Энэхүү баримт бичгийг УИХ баталсны дараа 20 дугаар хорооны дахин төлөвлөлтийн барилгажилтын зураг төсөв батлагдаж, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн ажил хийгдэнэ.

Нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөгийг тусгаж, Эмээлтэд ДЦС, цэвэрлэх байгууламж барих ажил энэ онд эхэлнэ. Үүнтэй зэрэгцээд арьс ширний үйлдвэрүүд ч барилгаа барина. Хоёр жилийн хугацаанд эдгээр бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж 2027, 2028 оноос арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа Эмээлтэд жигдэрнэ.

Харгиа урьдчилан цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр гардаг. Иймээс арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэхээр төлөвлөсөн юм. Арьс ширний үйлдвэрүүдийг бүрэн нүүсний дараа Харгиа цэвэрлэх байгууламжийг татан буулгаж тухайн орчмын айл өрх, ААН-ийн бохирын насосыг төв цэвэрлэх байгууламжтай холбоно" гэв.

Арьс ширний үйлдвэрүүдийг богино хугацаанд нийслэлээс нүүлгэснээр хөдөө, хотгүй хаягдаж байгаа арьс ширийг нэмүү өртөг шингээж, 5,600 ажлыг байр бий болгоно гэж тооцоолжээ.