Өчигдөр Саудын Араб улсад АНУ-ын талтай уулзалт эхлэхийн өмнөхөн Украины тал нисгэгчгүй онгоцны хамгийн том довтолгоогоо Оросын нийслэл Москва хотын чиглэлд явуулжээ.
Үүний улмаас махны үйлдвэрийн гурван ажилтан амиа алдаж, өөр 17 хүн шархадсан тухай Оросын албаныхан мэдээлсэн байна.
Москва орчимд 91, Курск мужид 126 зэрэг Украины нийт 343 дроныг устгаснаа Оросын зэвсэгт хүчин мэдээлжээ.
Гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Москва хот хамгийн том агаарын довтолгоонд өртсөн нь энэ байлаа.
Украины арми бас өчигдөр Оросын талаас нэг баллистик пуужин, 126 дроноор нутаг дэвсгэрт нь довтолсныг мэдээлжээ.
Өчигдрийн довтолгооны улмаас Москва хотын дөрвөн нисэх буудал түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон байна.
Украины дронууд өчигдөр хил орчмын Белгород, Брянск, Воронеж мужуудаас гадна ОХУ-ын нутаг дэвсгэрийн гүнд оршдог Калуга, Липецк, Нижний Новгород, Орёл, Рязань мужуудад хүрчээ.
Украины цохилтын хариуд дуунаас хурдан “Орешник” пуужингаар довтлохыг Оросын парламентын батлан хамгаалахын байнгын хорооны дарга, хурандаа генерал Андрей Картаполов уриалсан байна. Ийм шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Путин гаргах ёстой ажээ.
“Киевийн дэглэм иргэдийн орон сууц, нийтийн эзэмшлийн байгууламжуудад халдлаа” гэж Кремлийн хэвлэлийн албаны төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдээд халдлагыг таслан зогсооход “маш сайн” ажилласан зэвсэгт хүчнээ магтжээ.
Халдлагын үеэр амиа алдсан хүмүүс нь Оросын хамгийн том мах үйлдвэрлэгч Мираторг компанийн ажилчид байсан байна.
Москва хот агаарын довтолгоонд өртсөнөөс хойш хэдхэн цагийн дараа Саудын Арабын Жедда хотод Украин, АНУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!