Уншиж байна ...

4,041 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгч байна

Д.Янжиндулам, ikon.mn
5 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулж, төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу энэ оны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад оролцохоор нийслэлд 1,703, улсын хэмжээнд 4,041 иргэн бүртгүүлжээ. 

Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 12-14-ний өдөр үргэлжилнэ. Шалгалтыг өдөрт таван ээлжээр өгөх бөгөөд нэг ээлждээ 131 иргэн шалгалт өгөх юм.

2024 онд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад нийслэлд 7,749 иргэн бүртгүүлж, 5,427 иргэн шалгалт өгснөөс 2,057 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгүүлсэн байна.

зураг
 

Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл, орон нутагт цахимаар зохион байгуулж байна.

Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга, зохион байгуулалт улам боловсронгуй болж байна. Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон.

Шалгалтыг 100 хувь цахимд шилжүүлж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй болж, шалгалтын дүн хэн нэгнээс бус зөвхөн өөрөөс нь хамаарч, хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэв.