Мягмар гарагт Саудын Арабын Жедда хотод болсон АНУ, Украины засгийн газрын төлөөлөгчдийн уулзалт үр дүнтэй болжээ.
АНУ-ын санал болгосон 30 хоног гал зогсоох гэрээний нөхцөлийг Украины тал хүлээн зөвшөөрсөн байна.
Үүний хариуд АНУ түр зогсоогоод байсан зэр зэвсгийн тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэхээр болжээ.
АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио уулзалтын дараа “Одоо бөмбөг Оросын талбайд байна” гэж хэлсэн нь дараагийн алхам Москвагийн эрх баригчдын шийдвэрээс хамаарахыг илэрхийлсэн хэрэг байв.
Украины төлөөлөгчдийг ахалсан ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак энх тайван тогтоох үйл явцыг урагшлуулахад тусалж буй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Конгресс болон нийт Америкчуудад талархлаа илэрхийлжээ.
Хамтарсан мэдэгдэлд “талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цааш сунгах боломжтой 30 хоногийн хугацаанд нэн даруй гал зогсоох гэрээ байгуулах” тухай дурдсан байна.
АНУ-ын тал энэхүү гэрээний нөхцөлийг удахгүй Оросын талд танилцуулахаа амлажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын тусгай элч Стив Виткоф энэ долоо хоногийн сүүлээр Москвад айлчлахдаа Украинтай тохиролцсон гэрээний төслийг танилцуулах бололтой.
Өчигдрийн уулзалтын дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг дахин Вашингтонд урихад бэлэн байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн нь хоёр долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Цагаан ордонд эхэлсэн зөрчил маргаанаа арилгаж, харилцааг хэвийн болгох санаагаа илэрхийлсэн хэрэг байлаа.
Украины талд энхийн гэрээ байгуулснаар одоогийн фронтын шугамын дагуу албан бус хил тогтож, эзлэгдсэн газар нутгаа алдаж болзошгүй гэсэн айдас байгаа.
Гэхдээ түр гал зогсоох нь Оросын агаарын довтолгоон дор байнгын түгшүүртэй амьдарч буй украинчуудын хувьд түр амсхийх боломж юм.
АНУ-ын тал ч эзлэгдсэн газар нутгаа бүрэн буцааж авах магадлал бага болохыг Киевийн эрх баригчдад урьдчилан анхааруулж байгаа.
Гал зогсоох нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл Оросын тал удаан ч гэсэн бага багаар ахиж буй давшилтаа зогсооход хүрэх юм. Нөгөө талаар энэ нь Украины нэгэн адил урт удаан үргэлжилж буй дайнд ихээхэн хохирол амсаж, туйлдсан Оросын армид амсхийх боломж болохоор байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!