Уншиж байна ...

Илон Маскийн бизнесийг аврах зорилгоор АНУ-ын ерөнхийлөгч Теслагийн шинэ автомашиныг худалдаж авлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 цаг 50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаанд тэрбумтан Илон Маскийн явуулж буй үйл ажиллагааг эсэргүүцсэн америкчууд түүний гол бизнес болох Тесла компанийн цахилгаан автомашиныг худалдаж авахаас татгалзах хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн.

Үүний улмаас Теслагийн шинэ автомашины борлуулалт буурч, хуучин автомашины зах зээлийн үнэ хүртэл эрс унаад байгаа.

Даваа гарагт Теслагийн хувьцааны ханш таван жилийн өмнөх түвшиндээ хүрсэн юм.

Тэгвэл өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цоо шинэ Тесла автомашин худалдаж авч байгаагаа зарласан нь өөрийн холбоотон Маскийн бизнесийг дэмжсэн хэрэг байлаа.

Ингэхдээ тэр Теслагийн бизнесийг бойкотлогчдыг “радикал зүүнтний галзуучууд” гэж нэрлэж, Теслагийн худалдааны төвүүдийн гадна болж буй эсэргүүцлийн үйл ажиллагаануудыг “дотоодын терроризм” гэж үзэхээ анхааруулжээ.

Трамп өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Улс орон даяар Теслагийн дилерүүдийн гадна болж буй үйл явдлууд хүчирхийллийн шинж чанартай байгаа. Зарим хүмүүс эдгээрийг дотоодын терроризм гэж үзэх ёстойг надад хэлж байна. Би ч гэсэн ингэх ёстой гэж бодож байна. Би үүнийг зогсоох болно. Учир нь тэд Америкийн аугаа компанид хохирол учруулж байгаа юм” гэж хэлсэн байна.

Энэ үеэр Цагаан ордны гадна зогсоол дээр Теслагийн хэд хэдэн шинэ загварын автомашинууд Трампыг хүлээн зогсож байлаа. Бас Маск бага насны нэг хүүтэйгээ хамт Трампын дэргэд байсан юм.

зураг
 

Зогсоолд байсан автомашинуудаас Model S загварыг Трамп сонгоод үнийг нь чекээр төлөхөө мэдэгджээ.

“Илон Маск манай улс оронд туслахын төлөө өөрийн бизнесийг эрсдэлд оруулж байна. Тэр гайхалтай сайн ажиллаж байгаа. Гэвч радикал зүүнтний галзуучууд Илоны байгуулсан дэлхийн хамгийн аугаа автомашин үйлдвэрлэгчийг хууль бусаар бойкотолж, Илонтой холбоотой бүхэнд хохирол учруулахыг хичээж байна. Ямар ч байсан би өглөө цоо шинэ Тесла худалдаж авах болно. Энэ бол жинхэнэ аугаа Америк хүн болох Илон Маскийг дэмжиж байгаагийн минь илэрхийлэл юм. Америкийг Дахин Хүчирхэг болгохын төлөө асар их ур чадвар гаргаж байгаагийнх нь төлөө яагаад түүнийг шийтгэх ёстой гэж” хэмээн Трамп өмнө нь сошиал хуудсандаа бичиж байв.

Сүүлд хэвлэлийн хурлын үеэр тэр “Тэдний зарим нь хэн болохыг бид мэдэж байгаа. Тэднийг баривчлах болно. Тэд бол муу хүмүүс” гэж хэлжээ.

Гэхдээ иргэдийн эсэргүүцлийн үйл ажиллагааг “дотоодын терроризм” гэж үзэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж судлаачид үзэж байна.

Тухайлбал 1972 оны АНУ-ын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр америкчуудын хувийн бизнесийг эсэргүүцэх эрх баталгаажсан байдаг гэнэ.

Ажиллагааг удирдан зохион байгуулж буй TeslaTakedown хөдөлгөөнийхөн ч үүнийг батлан илэрхийлсэн байна.

“Нийтийн эзэмшлийн орон зайд тайван жагсаал цуглаан зохион байгуулах нь дотоодын терроризм биш. Бидний эрхийг уландаа гишгэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэж тус хөдөлгөөнөөс мэдэгджээ.

Сүүлийн 12 сарын хугацаанд Илон Маскийн хөрөнгийн хэмжээ $132 тэрбумаар буурсан нь Теслагийн уналттай холбоотой.

Хөрөнгө оруулагчид төдийгүй Теслагийн удирдах зөвлөлийн гишүүд хүртэл хувьцаагаа зарж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Тухайлбал Маскийн дүү Кимбал Маск сүүлийн хэдэн сарын дотор хэдэн саяын үнэтэй хувьцаагаа зарсан байна.

Гадаад зах зээлд ч Теслагийн борлуулалт сайнгүй байгаа.

Өнгөрсөн сард Германы зах зээлд Теслагийн борлуулалт жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад 76.3 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: The Guardian