Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Францын төрийн өмчит "Орона майнинг" компанитай хийх ураны төслийн хэлэлцээрийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бадрах энержи төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногийн Лхагва гарагт УИХ-д өргөн барихаар тогтож байна. Энэ бол Оюутолгойн төслөөс хойших хоёр дахь том гэрээ юм.
2025 оны улсын төсөв батлагдахыг хүлээх зайлшгүй шаардлагатай байсан. Яагаад гэвэл Үндэсний баялгийн сантай холбоотой асуудлуудын шийдвэрийг гаргаж, 34 хувь байх уу эсвэл 10 хувь байгаад 34 хүртэлх хувийг АМНАТ-өөр орлуулах уу гэдэг шийдвэрийг гаргахгүй бол болохгүй байсан.
Ураны төслийн хувьд Засгийн газрын эзэмших 34 хувийн 10 хувь нь алтан хувьцаа байна. Өөрөөр хэлбэл Монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. 24 хувь нь Хуримтлалын санд иргэдийн хадгаламж хэлбэрээр очиход АМНАТ нь орох байдлаар тооцох аргачлал руу орж байгаа.
Энэ хэлэлцэл хийгдэж чадвал цаашдаа маш олон төслийн хэлцэл хийгдэнэ. 34 хувь болон АМНАТ тооцох асуудал иргэдийн И-Монголиа дахь хуримтлал руу төвлөрөх учраас иргэн бүхэн том төслүүдээ дэмждэг байх нийгмийн уур амьсгал үүснэ. Нөгөө талаараа баялаг шууд эзэндээ очих агуулгуудыг иргэд өөрсдөө хянах боломжтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!