Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Батбаяр: Улаанбаатарчууд өдөрт 10-20 тамхи татсантай дүйцэхүйц хэмжээгээр хордож байна

П.Сайнжаргал, IKON.MN
42 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдол ба ханиад томуугийн дэгдэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр хүргэлээ. 

Үүссэн бодит нөхцөл байдалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн дэд захирал, Томуу, томуу төст өвчний шуурхай штабын дэд дарга О.Батбаяр дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Агаарын бохирдолтой холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн дуудлага 60-70 хувиар нэмэгдсэн. 

Энэ нь юуг илтгэж байна вэ гэвэл агаарын бохирдол эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн дуудлагыг эрс нэмэгдүүлээд байгаа гэсэн үг. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжөөр нарийн ширхэгт тоосонцор 22 микро метрт хүрсэн тохиолдолд НЭГ ТАМХИ татсантай тэнцдэг гэж үздэг.  

Улаанбаатар хотын зарим дүүрэгт дээрх үзүүлэлт заримдаа 200-400 хүрч байна. Улаанбаатарын оршин суугчид өдөрт бараг 10-20 тамхи татсантай дүйцэхүйц хэмжээгээр хордож байна. 

Ийм үед амны хаалтаа зүүж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах хэрэгтэй. 

Агаарт нарийн ширхэгт тоосонцор нэмэгдэх тусам эмнэлэг, түргэн тусламжийн дуудлагын тоо ихсээд байна. Эдгээр нь хоорондоо шууд хамааралтайг эмнэлгийн ачаалал, дуудлагын тоо бодитоор харуулж байгаа" гэлээ. 

Тэгвэл өнөөдрийн 12:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын дараах байршилд агаарын чанарын үзүүлэлт хүлцэх хэмжээг давжээ. 

Тодруулбал Баянхошууд маш их бохирдолтой буюу PM 2.5 тоосонцор 464-д хүрснийг дараах зургаас харах боломжтой. Өөрөөр хэлбэл Баянхошууд оршин сууж буй иргэд 20 гаруй тамхи татсантай дүйх хэмжээгээр хордож байна гэж хэлж болохуйц үзүүлэлтийг заажээ. 

зураг
 
Эх сурвалж: Agaar.mn