Энэ долоо хоногийн Даваа гарагт Хятад улс GuoWang төслийнхөө эхний хиймэл дагуулуудыг сансарт хөөргөжээ.
GuoWang нь дэлхийн нам өндрийн тойрог замд олон мянган хиймэл дагуул бүхий сүлжээ байгуулж, SpaceX компанийн Старлинктэй ижил интернэт холболтын үйлчилгээ үзүүлэх зорилготой төсөл юм.
Даваа гарагийн орой өмнөд Хятадын Вэньчан сансрын буудлаас хөөрсөн Long March-5B пуужинд эхний багц хиймэл дагуулыг тээвэрлэн тойрог замд хүргэжээ.
Хиймэл дагуулууд төлөвлөсөн байрлалдаа амжилттай хүрснийг Шиньхуа агентлаг мэдээлсэн байна.
Гэхдээ хэдэн хиймэл дагуул хөөргөсөн талаар дурдаагүй юм.
GuoWang нь “үндэсний сүлжээ” гэсэн утгатай үг. Анх 2020 онд Хятад улс Олон Улсын Харилцаа Холбооны Байгууллагад (ITU) нийт 13,000 хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээг нам өндрийн тойрог замд байгуулах зөвшөөрөл хүсэх үед энэ нэр ил болж байв.
Уг сүлжээ нь зөвхөн Хятадын дотоод зах зээлээр хязгаарлагдалгүй олон улсын зах зээлд үйлчилгээгээ хүргэх юм байна.
Төслийг 2021 онд Хятадын засгийн газрын харьяанд байгуулагдсан China Satellite Network Group Co Ltd компани хариуцаж байгаа юм.
Тус компанийн төв Хэбэй мужийн Шионань хотод байрладаг ба 10 тэрбум юанийн ($1.4 тэрбум) үндсэн хөрөнгөтэй ажээ.
GuoWang нь хиймэл дагуулын интернэт сүлжээ байгуулах Хятадын цорын ганц төсөл биш.
Шанхай хотын захиргааны санхүүжүүлсэн ижил төстэй Qianfan төсөл энэ онд гурван удаагийн хөөргөлтөөр эхний 54 хиймэл дагуулаа тойрог замд байрлуулжээ.
“Мянган дарвуул” гэсэн утгатай Qianfan төсөл ирэх оны сүүлээр тойрог замд нийтдээ 650 хиймэл дагуултай болж, 2027 онд үйлчилгээгээ үзүүлж эхлэх гэнэ.
АНУ-ын SpaceX компанийн Старлинк төсөл одоогоор тойрог замд 6,700 гаруй хиймэл дагуултай болоод байгаа.
Энэ чиглэлд ажиллаж буй бас нэг Өрнөдийн компани болох Лондон хотод бүртгэлтэй OneWeb дэлхийн тойрог замд 600 гаруй хиймэл дагуултай болжээ.
ITU байгууллагын журмаар бол хиймэл дагуулын оператор компаниуд долгионы зурвасын зөвшөөрлөө хадгалж үлдэхийн тулд амласан хугацаанд сүлжээгээ байгуулах шаардлагатай байдаг.
GuoFang төсөл энэ шаардлагыг хангахын тулд 2029 он гэхэд 1,300 (10 хувь), 2032 онд 6,500 (50 хувь), 2035 онд бүх хиймэл дагуулаа тойрог замд байрлуулсан байх ёстой гэнэ.
Интернэт холболтын хурд сайн байхын тулд хиймэл дагуулууд дэлхийн гадаргаас 160-2,000 км өндөрт оршдог тойрог замын нам өндрийн бүсэд байрлах ёстой байдаг.
Энэ орон зай хязгаартай тул дэлхийн хэмжээний тоглогчид төслүүдээ богино хугацаанд хэрэгжүүлэхээр өрсөлдөцгөөж байна.
Европын Холбоо бас өөрийн хиймэл дагуулын интернэт сүлжээг байгуулахаар ажиллаж эхлээд байгаа.
Даваа гарагт тэд тойрог замын олон өндөрт 280 гаруй хиймэл дагуултай сүлжээ байгуулах $11.13 тэрбумын өртөгтэй Iris2 төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Европын Сансрын Агентлагийн (ESA) хариуцах уг төслийг 2029 онд эхлүүлж, 2030 онд үйлчилгээг нь нээхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!