Уншиж байна ...
Зураг
Зураг

Т.Хаш-Эрдэнэ: Хүүхэд ханиад томуу хүрэх гол шалтгаануудын нэг бол таны авч өгч буй ЧИХЭР

П.Сайнжаргал, IKON.MN
6 цаг 7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг танилцуулж байна.  

Энэ тухай Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II, Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн эмч Т.Хаш-Эрдэнэ дараах зөвлөмж мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр "Манай эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг нийт 20 ортой. Одоогийн байдлаар 19 хүүхэд хүнд байдалтай эмчилгээ хийлгэж байгаа.

Томуугийн урьдчилан сэргийлэлтэд дан ганц эмнэлэг, эмч ажилтан гэлтгүй иргэд, эцэг, эхчүүдийн оролцоо чухал байна. 

Томуугаас сэргийлэх арга: 

  • Урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах, 
  • Эмийн өвөрмөц эмчилгээ багтана. 

Эмийн өвөрмөц эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн заавар, заалтаар хийнэ. Нийтлэг энгийн хариу арга хэмжээ бол гарын ариун цэврийг сахих, амны хаалт зүүж хэвших явдал. 

Олон нийтийн газраар явж байгаа тохиолдолд амны хаалтыг хүүхэд, том хүн гэлтгүй бүгд зүүж хэвшихгүй бол дэгдэлт илүү хүнд хэлбэрт хүрч мэднэ" гэлээ. 

"Цэцэрлэгийн 200 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийхэд 10 хүүхдийн шүд л эрүүл байсан"

Үргэлжлүүлэн "Хамгийн гол нь хүүхдийн хооллолтыг анхаарах хэрэгтэй. Ингэхдээ сахар, чихрийн хэрэглээг маш бага байлгах нь зүйтэй. 

Хүүхдээ өвчнөөс сэргийлье гэж бодож байгаа бол эмээр биш, эрүүл зөв хоол, дадал хэвшлээр өсгөх нь чухал. 

Ингэж эрүүл хооллосон, зөв дадал хэвшилтэй болсон хүүхэд өвчин тусах нь ховор.

Бид эмчилгээ, үйлчилгээнээс гадна урьдчилан сэргийлэх чиглэлээр сургууль, цэцэрлэгүүдээр явж үзлэг хийдэг. Саяхан цэцэрлэгийн насны 200 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийхэд 10 хүүхдийн шүд л эрүүл байсан. Энэ нь чихрийн хэрэглээтэй шууд холбоотой. 

Насанд нь тохирсон витамин, шим тэжээлтэй хоолоор хангах хэрэгтэй. 

Хүүхдийн өвчлөлийн тухайд:

  • Өнгөрсөн саруудад 6-17 насны хүүхдүүд хүнд хэлбэрийн хатгаатай, илүү удаан эмчилгээний үр дүнтэй байсан.
  • Өнгөрсөн долоо хоногийн мэдээллээс харахад 0-5 хүртэлх насныхан, бага сартай хүүхдүүд илүү хүндэрч байна. 

Хүүхдийн наснаас хамаараад чихрийн хэрэглээ 5-10 грамм байх ёстой гэж үздэг. Гэтэл одоогийн эцэг, эхчүүд цэцэрлэгт нь хүргэхэд чихэр, ундаа, цэцэрлэгээс нь авахад чихэр, ундаа өгдөг дадалтай болчихсон. 

Энэ нь эргээд хүүхдийн шим тэжээл хомсдох, дархлаа дарангуйлагдах, эцэж турах шалтгаан болдог. Хүүхэд тань ханиад томуу хүрэх гол шалтгаануудын нэг бол сахарын хэрэглээ. 

Мөн хүүхдээ дулаан байлгах, бүлээн шингэн сайтар уулгах, аль болох олон нийтийн газраар явуулахгүй, шаардлагатай бол амны хаалт зүүлгэж хэвших нь зүйтэй" гэв.