Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан.
Тэд өнөөдөр өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Монгол Улсад зорин ирж буй хувийн хэргээр оршин сууж зорчиж байгаа иргэдийн хувь хэмжээ нь Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоогддог.
Иргэд яагаад тоо хэмжээ байдаггүй юм бэ гэж болгоомжлоод байгаа. Гэтэл энэ бол угаасаа тоо хэмжээтэй.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27.4-т Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно гэж хэмжээг гаргасан байдаг. Үүнд барьдаг.
Өнөөдөр квот гэдэг зүйл нь дарга нарын аж ахуйн нэгжийг зовоох хэрэгсэл болсон. Квотод дандаа том аж ахуйн нэгж багтдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаж чаддаггүй.
Том аж ахуйн нэгжүүд нь квотод хамрагдаад, ажлын байрны төлбөрөөсөө Засгийн газар дээр 100 хувь чөлөөлөгддөг.
Энэ бол Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд байгаа зүйл биш, хяналт тавьдаг институттэй. Хуулийн дагуу Гадаадын Иргэн Харьяатын Газар хянадаг.
Жилд 20 орчим мянган ажиллах хүчний квот тогтоодог. Тогтоох шийдвэр нь аравдугаар сарын 1-ний дотор гардаг учраас жилийн дундуур ажилтан авч чаддаггүй.
Гадаадаас ажиллах хүч оруулж ирэхэд жилийн 15.6 сая төгрөгийг төлдөг,цалин, нийгмийн даатгал, байр хоолны зардлаас гадна. Үүнийг жижиг аж ахуйн нэгж дийлэхгүй байгаа тул боломжийг нь нээе гэж байгаа юм.
Үйлчилгээний салбар, сургуулиудад англи хэлний багш, жижиг үйлдвэрүүдэд инженер авчрах бололцоогүй байгааг засахыг зорьсон.
Энэ хууль нь уул уурхай, газрын тосны салбараас бусад байна. Монгол хүний үнэлэмж хамгийн өндөр байгаа энэ салбарт квотгүй байхыг бид дэмжихгүй.
30,000 ажлын байр нээлттэй байхад энэ тооны залуус ажилгүй байна. Энэ залуусын ур чадвар нь ажил олгогчдын санаанд нийцэхгүй байгаад учир бий. Бид гадаад улсын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцаж байж монголчуудад ноу-хау нь үлдэнэ.
Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв(МСҮТ)-д сураад эдгээр мэдлэг, ур чадварыг суралцахгүй байна, дагалдаж байж энэ олон ур чадварыг суралцана.
Монголчууд зам тавьж чаддаггүй байснаа хятад ажилтнуудыг дагаж явсаар өнөөдөр монголчууд өөрсдөө замаа тавьдаг боллоо. Муу ч сайн ч бид өөрсдөө барилгаа барьдаг боллоо. Гадаад ажилтнуудыг дагаж байж энэ чадваруудад сурсан.
Хятадын шинэ ажилтны цалин хот хотоосоо хамаараад дунджаар 1,600 ам.доллар байна. Ур чадвартай ажилтных нь дундаж цалин 3,000 ам.доллар. Ийм байхад хятад ажилтан бөөнөөрөө ороод ирнэ гэдэг асуудал байхгүй. Харин манайхан ӨМӨЗО-д ажиллаж байгаа.
Эцсийн дүндээ айдсаар ажилладаг, “танкны үлгэр” ярьдаг хүмүүс амилсан багаа ажиллуулаад цаашдын том төслүүдийг зогсоох оролдлогоо эхлүүлж байна. Энэ тархи угаалтад бүү авт. Эх орноосоо урваж, гай болъё гэсэн хүн алга. Залуучуудаа сургаад авъя, мэдлэг, ур чадвар авчиръя, суралцъя гэсэн бодол байна.
Компаниуд ажиллах хүн олдохгүй болохоор тэр ажлын байрыг байхгүй болгож байна. Мега төслүүдэд ажиллах хүчний хомсдолд орох нь ойлгомжтой байна. Үүнийг цаг алдалгүй шийдье гэсэн юм.
Сингапур, Солонгос, Дубай шиг хөгжье гээд байгаа. Энэ улсууд ур чадвартай хүмүүсийг урьж, дуудан авчирч байж хөгжиж байгаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!