Энэтхэгийн өмнөд бүсийн Карнатака мужийн шүүх гэрлэсэн хосын хооронд гурван жил үргэлжилсэн хүүхдийн нэрийн маргааныг саяхан шийдвэрлэжээ.
2021 онд хүү төрүүлсэн эмэгтэй нутгийн уламжлалын дагуу биеэ тэнхэртэл асруулахаар эцэг эхийнхээ гэрт очсон байна.
Хүүхдийн эцэг хэд хоногийн дараа эхнэр, хүүхдээ гэртээ буцааж ирүүлдэг ёстой.
Гэтэл 21 настай эмэгтэй нөхрийнхөө өгсөн нэрийг эсэргүүцэж, өөрөө хүүхдэдээ нэр өгсөн нь маргаан үүсгэжээ.
Үүнд уурссан нөхөр нь эхнэр, хүүхдээ гэртээ буцааж авахаас татгалзсан байна.
Саяхан эмэгтэй нь хүүхдээ тэжээх мөнгийг нөхрөөрөө гаргуулахаар орон нутгийн шүүхэд хандсанаар асуудал дахин сөхөгджээ.
Гэвч хос хоёрын хэн нь ч нэгнийхээ өгсөн нэрийг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж, бүр эмэгтэй нь нөхрөөсөө салахаар сүрдүүлж эхэлсэн байна.
Маргааныг шийдэж чадаагүй дүүргийн шүүх уг асуудлыг мужийн шүүхэд шилжүүлжээ.
Ингээд дээд шатны шүүх хүүхдэд эцэг эхийн хэнийх нь ч хувилбар нэрийг бус, өөрөө нэр өгснөөр асуудал шийдэгдсэн байна.
Хүүд “язгуур угсаатай” гэсэн утга бүхий Аряавардана гэх нэрийг өгсөн тухай шүүхийн төлөөлөгч мэдээлжээ.
Шүүхийн өгсөн нэр хос хоёрт таалагдсан тул хоорондоо эвлэрч, гэртээ харьцгаасан байна.
Сүүлийн жилүүдэд Энэтхэгт хүүхдийн нэртэй холбоотой маргаан шүүхээр шийдэгдэх явдал хэд хэд гараад байгаа гэнэ.
Энэ оны есдүгээр сард Керала мужид нэг эмэгтэй хүүхдээ сургуульд оруулах гэтэл төрсний гэрчилгээний нэр бичих хэсэг нь хоосон байсан шалтгаанаар буцжээ.
Иргэний бүртгэлийн алба хүүхдийн эцэг (салсан) биеэр ирээгүй шалтгаанаар нэрийг нь бүртгэхээс татгалзсаар өнөөдрийг хүрсэн талаар эмэгтэй шүүхэд гомдол мэдүүлсэн байна.
Шүүх эхийнх нь өгсөн нэрийн ард аавынх нь нэрийг залгасан нэрээр хүүхдийг бүртгэх үүргийг орон нутгийн иргэний бүртгэлийн албанд өгснөөр асуудал шийдэгдэж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!