Уншиж байна ...

СЭТГЭЛ СУДЛААЧ: Гэртээ зурагтынхаа хажуугийн шүүгээнд архи, согтууруулах ундаа хадгалдаг жишиг монгол айлуудад түгээмэл

П.Сайнжаргал, IKON.MN
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өчигдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-нд зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт эрүүл мэнд, гааль, цагдаа болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл, судлаач, сэтгэл зүйчид оролцож, байр сууриа илэрхийлсэн юм.  

Энэ үеэр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй болон мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэдвээр сэтгэл судлаач Л.Зүчи дараах мэдээллийг өгөв.



Тэрбээр хэлэхдээ"2019 онд ДЭМБ-аас сургуульд суурилсан “Сургуулийн эрүүл мэндийн судалгаа” гэх нэртэй судалгааг хийж, үр дүнгээ гаргаж байсан. 

11-18 настай хүүхдүүдийг улс орон даяар түүвэрлэн 8,000 гаруй хүүхдийг судалсан байна. Улмаар өнгөрсөн нэг сарын хугацаанд өвс, мөс гэх мэтчилэн мансууруулах бодис хэрэглэж үзсэн хүүхдийн хувийг тодорхойлоход 8,000-аас нэг хувь нь хэрэглэж байжээ.

Өөрөөр хэлбэл 80 хүүхэд өнгөрсөн нэг сарын хугацаанд мансууруулах бодис хэрэглэсэн байна. 

Өсвөр насандаа хэрэглэж байгаа хэрэглээ нэг удаагийнх эсвэл давтан уу гэдгээс үл хамааран нэгэнт хэрэглэж үзсэн л бол 18 наснаас хойш донтогч болох эрсдэл нь нэмэгддэг.

18-25 насныхны дунд энэ төрлийн хэрэглээ хамгийн өндөр хувьтай байсныг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны тандалт судалгаа, дүн шинжилгээний хэлтсээс мэдээллээ. Тэр хэрэглээ хэзээ үүсээд байна вэ гэвэл 11-18 насандаа оролдож үзсэн оролдлогоос үүдэлтэй. Энэ бол дан ганц багш, сэтгэл зүйчийн хариуцсан асуудал биш бүх шатны оролцоо чухал" гэлээ. 

"Аав, ээж нь байхгүй үед хүүхдүүд архи, дарсыг сонирхож үзэх магадлалтай" 

Үргэлжлүүлэн "Өнөөдөр ганцаардаж эсвэл сургууль дээрээ дээрэлхүүлж байгаа учраас тухайн стресс, айдас түгшүүрээ даван туулахын тулд “хэрэглэж үзье” гэх сонголтыг хийлгэхгүй байхад хөтлөх ёстой. 

Гэхдээ хүүхдүүдийг хорт зуршил, буруу дадалд татаж байгаа хүмүүс зөвхөн найз нөхөд биш.

2019 оны судалгааны өгөгдлөөс харвал аав, ээж нь тамхи татдаг хүүхдүүд канабис болон бусад мансууруулах бодисыг хэрэглэж үзэх магадлал илүү өндөр байжээ. Өөрөөр хэлбэл эцэг эх нь тамхины хэрэглээгүй хүүхдүүдтэй харьцуулахад эрсдэл өндөр гарсан. 

Хүүхдүүд томчуудын зан үйлийг даган дуурайж байдаг. Нөгөө талаас үеийн найзууддаа хүлээн зөвшөөрөгдөх хүсэл нөлөөлөх магадлалтай. 

Гэртээ зурагтынхаа хажуу талын шүүгээнд олон төрлийн согтууруулах ундаа хийгээд хадгалдаг жишиг манай монгол айлуудад түгээмэл. Гэтэл аав, ээж байхгүй үед хүүхдүүд архи, дарсыг ямар нэгэн байдлаар туршиж сонирхоод амтлаад үзчихсэн байдаг.

Хэзээ нэгэн цагт амьдралд нь ийм зүйл тохиолдсон бол ирээдүйд архины хамааралтай болох магадлалыг нь нэмэгдүүлдэг.

Одоо бидэнд 2019 оны судалгаа өгөгдөл л байна. Түүнээс хойш өсвөр насныхны мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой дата алга. 

Монгол Улс судалгаа шинжилгээндээ анхаарал хандуулахгүй болохоор бодит байдал ямар байгааг мэдэх боломж хомс. Бидэнд нотолгоо байхгүй, төсөөлөл таамаг эсвэл өөр улсын жишгийг харж ярьдаг. Ингэж харанхуй бууддаг. Манай улсын судалгаа шинжилгээндээ мөнгө зарцуулдаг хувь бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн бага, дэлхийд эрэмбээрээ 150-д жагссан дүр зурагтай" хэмээн хэллээ.